Үйлчлүүлэгчид удаан очерлож, хүлээхийг үзэн яддаг. Үүнийг шийдэх шилдэг шийдэл нь мэдээж хүлээлгийн цагийг багасгах. Харамсалтай нь энэ дандаа боломжтой байдаггүй. Харин боломжит нэг арга нь үйлчлүүлэгчийн хүлээлгийн талаарх бодол санаа, мэдрэмжинд нөлөөлөх явдал юм. Үйлчлүүлэгчийн хүлээлтийн мэдрэмжинд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байдаг.
Хүлээлтийг нь тодорхой байлгах. Эхний хүчин зүйл нь үйлчлүүлэгч хэр удаан хүлээх хүлээлттэй байгаа вэ гэсэн хүчин зүйл.
Бодож байснаасаа хурдан үйлчилгээ авч чадсан бол, үйлчлүүлэгчид тухайн үйлчилгээ хурдан шуурхай гэсэн мэдрэмжийг төрүүлдэг бол, бодож байснаас нь илүү удаан хүлээсний эцэст авсан үйлчилгээ нь тухайн хүнд үйлчилгээ маш удаан байлаа гэж дүгнэхэд хүргэдэг байна.
Тэгвэл тэдний хүлээлгийн талаарх бодол санаанд хүлээх дундаж хугацааг урьдчилан мэдэгдэх нь тэдэнд нөлөөлөх боломжийг нээж өгдөг.
Жишээ нь, зарим ресторанууд орж ирж буй үйлчлүүлэгчиддээ ширээ гарах, эсвэл захиалга бэлэн болох хугацааг урьдчилж хэлдэг.
Мөн нисэх буудлууд дээр энэ цэгээс зогсож очерлох хугацаа 5 мин байна гэсэн тэмдэг ч байдаг.
Лавлах төвүүд утсан дээрх хүлээлгийн дундаж хугацаа 3 минут байна гэдэг мессежийг өгдөг.
Шударга байдал: Энэ ойлголт ч мөн тухайн зүйлийг хэрхэн харж байгаагаас хамаардаг.
Хэрэв хэн нэгэн хүн урдуур дайраад байна гэж үйлчлүүлэгч бодсон бол, очер дараалал илүү удах юм шиг санагддаг байна.
Тэгвэл хэнийг ч урдуур оруулахгүй байснаар, мөн дарааллыг шударгаар баримтлан үйлчилгээ үзүүлэх нь шийдэл болдог.
Өрсөлдөөн: Хэрэв хэд хэдэн эгнээ байгаад, нөгөө эгнээ илүү хурдан яваад байвал, энэ нь мөн л үйлчлүүлэгчид удаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Та үүнийг кино театрт билет авах гээд, эсвэл ямар нэг идэх юм авах гээд очерлож байхдаа мэдэрч байсан байх. Хачирхалтай нь , очер дараалал нь хөдөлгөөн ихтэй үед, энэ нь үйлчлүүлэгчид удаан очерлож байна гэсэн мэдрэмжийг төрүүлдэггүй байх нь.
Үйлчилгээний газруудын хэрэглэдэг өөр нэг арга бол, нийт хүлээлгийн шугамнаас, хүмүүсийг хамгийн түрүүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой ажилтан руу автоматаар хуваарилах.
Хөдөлгөөн: Хүмүүс хөдлөхгүй зогсоод байхаар удаан хүлээж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Харин хөдөлгөөн ихтэй байх тусам энэ нь тэдэнд төдийлөн тэгэж санагдаггүй байх нь.
Очер дарааллын урт: Энэ бол бас нэг хүчин зүйл юм. Уртаас урт очер дарааллыг харсан үйлчлүүлэгч, үйлчилгээ маш удаан хүлээлгэх юм байна гэж боддог.
Тийм ч учраас оглоомын паркууд очерыг шулуун байдлаар биш, мушгирсан байдлаар очерлуулдаг.
Ууйтгартай байдал: Хүмүүс хийх юмгүй уйдах үед, цаг удаан явж, үйлчилгээ ч удаан байгаа юм шиг санагддаг. Тийм учраас эмнэлэг дээр, өвчтнүүдийг зүгээр хүлээлгэхийн оронд бичиг цаас бөглүүлдэг. Лавлах төвүүд үйлчлүүлэгчдийг утсан дээр хүлээлгэх зуураа сонирхолтой аяа тоглуулдаг нь учиртай.
Зарим нэг ресторануудад зогсоод очерлож байгаа үйлчлүүлэгчиддээ сармистай талх өгдөг.
Өөр янз бүрийн аргыг хэрэглэж болох ч мэдээж бодит хүлээлгийг бууруулах нь хамгийн сайн шийдэл.
Сэтгэгдэл үлдээх