Дараах 6 зүйлийг ажлын байран дээрээ мэдэрч байна уу? Тэгвэл та ажлын байрны дарамт шахалттай учирч байгаа юм байна.
Хэрэв та хамгийн сүүлд сурагч байхдаа сургууль дээрээ хэн нэгэнд дээрэлхүүлж, өдрийн хоолны мөнгөө дээрэмдүүлж байсан бол, өөрийгөө азтайд тооц. Учир нь бусдыг дээрэлхэж, дарамталдаг байсан хүүхдүүд нас биенд хүрсэн хойноо ч, ажлын байран дээр тэдгээр зан авируудаа тээсээр байдаг бөгөөд таны эргэн тойронд байж болзошгүй.
Сургууль дээр үйлддэг байсан дээрэлхүү зан авирууд нь тэднийг нас бие гүйцсэн хойно ч дагасаар байдаг бөгөөд тэд явсаар нэг мэдэхэд “Ажлын байрны дарамтлагч” болсон байдаг. Бусдыг дээрэлхэж, бөөрөлхдөг тэдгээр хүмүүс ажлын байран дээр очихдоо байнга бусдыг доош нь хийдэг бөгөөд хүссэн зүйлээ авахын тулд, айлгах, сүрдүүлэх байдлыг ашигладаг гэж мянганы карьерын мэргэжилтэн Жилл Жакинто нэгэн судалгаандаа өгүүлсэн байдаг.
Бүр ч долоон дор нь юу гээч? Ажлын байран дээрх дарамт шахалт нь дандаа ил байдаггүй, нуугдмал хэлбэрээр оршин тогтносоор байдаг. Тиймээс хэрэв та дараах 6 шинж тэмдгийг ажлын байран дээрээ ажигласан бол танайд ч бас ажлын байрны дарамт шахалт байгаа гэсэн үг бөгөөд хэрхэн арга хэмжээ авч болох талаар зөвлөмж бэлдлээ.
1. ТАНД ЦАВУУ ШИГ НААЛДДАГ.
Дарамтлагч хүнд таны тусламж хэрэг болох үед, тэр тан руу бараг 10 удаа залгана. Мөн таны анхаарлыг бүрэн татахын тулд тэр тан руу зогсоо зайгүй мессеж илгээнэ. Өөрт нь шуурхай хариу өгөхийг шаардаж имэйл, утас, тескт гээд бүгдийг нь ашиглан тантай холбогдохыг оролдоно. Өөрөөр хэлбэл, дарамтлагч өөрийнхөө ажлыг бусдаар хийлгэхийг зорьж дарамталдаг.
2. ТЭД ЯГ Л БОСС ШИГ АЯГЛАДАГ.
Карьер коуч Хэлли Крауфордын судалж мэдсэнээр, “Дарамтлагч нар бүрэн хяналтыг гартаа авахыг хүсдэг” нэгэн ажээ. Тэд эхэндээ сайхан харилцаатай байх юм шиг санагдавч, энэ нь бусдыг өөртөө итгүүлж, хяналтандаа оруулах зорилготой байдаг. Удалгүй тэд тухайн хүнээр хувийн зүйлээ хийлгэх, эсвэл тухайн ажил дээр юу хийж болох, болохгүйг нь зааж эхэлдэг. Ажлын байрны дарамтлагч нарт өөрийгөө зөвтгөх хандлага зонхилдог бөгөөд давуу эрхээ харуулахдаа огтхон ч эмээдэггүй. Тэд нэг түвшний хамтран ажиллагч нараа захирч, тушааж харьцахдаа огтхон ч санаа зовсон шинжгүй байдаг.
3. ТАНД ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ҮЕД, ТЭР ТАНД ОЛДОХГҮЙ.
Ажлын байрны дарамтлагчаас тусламж гуйх хэрэг гарвал яах вэ? “Энэ талаар асуугаад ч хэрэггүй. Та түүний ажилд тусалсныг тэр мэдэж байгаа ч, тэр эргээд танд туслахгүй байх бүхий л шалтга шалтгааныг олж хэлэх болно” Тэд гэнэт имэйл, мессенжерээс алга болно, эсвэл ямар ч завгүй байна гэж хэлнэ. Хамгийн аймшигтай нь тэд танд ажлаа хэний ч тусламжгүйгээр өөрөө хийж чадах ёстой гэж маш чанга хэлж ярина.
4. ТАНЫ ХИЙЖ БАЙГАА ЯМАР Ч ЗҮЙЛ ТЭДЭНД ТААЛАГДАХГҮЙ.
Ажил л болсон хойно, бид ерөнхийдөө бага сага шүүмжлэл сонсоход бэлтгэгдсэн байдаг. Гэтэл ажлын байрны дарамтлагч хүний хувьд ямар ч шүүмжлэл авахааргүй зүйл дээр хүртэл шүүмжилж, бүх хүнийг, бүх зүйлийг байнга шүүмжилнэ. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, нэр хүндийг нь сэвтээхийг оролддог.
5. ТЭДЭНД БАЙНГЫН АНХААРАЛ ХАЛАМЖ ХЭРЭГЦЭЭТЭЙ БАЙДАГ
Яг л нялх хүүхэд шиг ажлын байрны дарамтлагч нь ажлын байран дээрээ анхаарлын төвд байхыг үргэлж хүсдэг. Тэдэнд хангалттай их анхаарал хандуулах үед л тэд сайхан ааштай байдаг. Харин тэр зүйлийг мэдрэхээ больмогц, тэр таны эсрэг бүхий л зүйлийг ашиглан дайрч эхэлнэ.
6. ӨӨРИЙГӨӨ МАШ ХАЛУУХАН, ТАСАРХАЙ ГЭЖ БОДДОГ
Ахлах сургуулийн дарамтлагч өөрийгөө хамгийн халуухан, догь хүн гэж боддог шиг, ажлын байрны дарамтлагч бас өөрийгөө хамгийн тасархай, халуухан нь гэж боддог. Тэд өөрсдийгөө дэндүү өндөрт өргөмжилсөн байдлаар төсөөлдөг. Өөрөөр хэлбэл, бүх хүнээс илүү гэж итгэдэг. Үнэндээ тийм биш атлаа. Тийм ч учраас тэд өөрсдөөс нь илүү чадварлаг ажилтнуудыг үргэлж гоочилдог. Өөрийнх нь зуун хувь зөв гэж итгэдэг учраас бусдыг сонсох, аливаа зүйлийг шинэ арга замаар хийхдээ маш хойрго байдаг.
Хэрэв та ажлын байрны дарамт шахалтыг мэдэрч байгаа бол, нэгдүгээрт, “ажлын байрны дарамтлагчийн аливаа дайралтад сэтгэл хөдлөлөөр хариу үзүүлэхгүй байх нь чухал.” Учир нь та хэд хэдэн удаагийнх нь дайралтад сэтгэл хөдлөлөөр хариу үзүүлэхгүй, тоохгүй байвал тэд таныг хянаж чадахгүй юм байна гэж ойлгодог.
Хамгийн гол нь таныг дарамтлагч хүн өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бус байгаа учраас ийм үйлдэл гаргаж байгаа гэдгийг ойлгох. Өөрөөр хэлбэл, ийм зан авир гаргаж байгаа шалтгаан нь та биш, харин тэр хүн өөрөө юм. Ер нь бол дарамтлагч хүн нэг хүнийг дарамтлаад зогсдоггүй, дараа араагийнхаа хүнийг онилдог.
Хэрэв ийм хүнийг анзаарсан бол, үйлдэл бүрийг нь тэмдэглэж, баримтжуулж авч байх хэрэгтэй. Улмаар танай байгууллага ийм ажилтанд авах арга хэмжээг заасан дүрэм журмыг судалж, итгэж болох Хүний Нөөцийн мэргэжилтэндээ хандаарай. Хэрэв хүний нөөц чинь үл тоомсорлоод байвал бүр дээд шатны удирдлагадаа ч хандахад илүүдэхгүй биз.
Учир нь ийм хүмүүст ихэвчлэн сайн ар тал байдаг бөгөөд, таныг ч хөнгөхөн ажлаас халуулж чадна. Тиймээс зоригтой ийм ажилтнуудын эсрэг тэмцэх хэрэгтэй.
Ажлын байрны орчин, байгууллагын соёл, багийн уур амьсгал сайжруулах үр дүнтэй семинаруудыг танай байгууллагад санал болгож байна. Та бидэнтэй contact@customerking.mn-ээр холбогдоорой.
Сэтгэгдэл үлдээх