АЖЛЫГ ХОЙШ НЬ ТАВИХ МУУ ЗУРШИЛТАЙГАА ТЭМЦЭХ 7 АРГА

Орчин цагт хүн бүрт тохиолдож байгаа асуудал бол анхаарал сарних. Бид нар уг нь төлөвлөсөн ажлаа хийх ёстой гэдгээ мэддэг ч, анхаарлаа төвлөрүүлж хийж чадахгүй цаг хугацаа алдсаар байдаг. Ингээд нэг мэдэхэд үдээс өмнөх цагийг үрэн таран хийснээ ухаарна. Тэгвэл ажлаа хойш нь тавьж, залхуурах байдлаас таныг ангижруулах дараах энгийн зуршлуудыг та өөр дээрээ туршаад үзээрэй.

Аливаа ажлыг хойшлуулах муу зуршилтай тэмцэх 7 арга:

ҮҮРЭГ ДААЛГАВРАА ӨӨРИЙН МАШ ИХ ХҮСЭН ТЭМҮҮЛДЭГ ИЛҮҮ ТОМ ЗОРИЛГОТОЙГОО ХОЛБО

Бидний хийх ёстой ажлын үр дүн нь бидэнд эерэг мэдрэмжийг төрүүлэхээр байвал, бид тухайн ажлыг илүү хурдан шуурхай хийх хандлагатай байдаг байна. Жишээ нь тайлангаа хийж дуусгах нь танд ямар үр ашгийг шууд авчрахыг та харж чадахгүй ч, тухайн ажлыг дуусгаснаар, албан тушаал ахих боломжийг өгөх бөгөөд энэ нь ямар сайхан мэдрэмж төрүүлэх талаар та төсөөлөн бодох агшинд, энэ нь таныг ажлыг хурдан шуурхай хийхэд өдөөж өгдөг байна.

ХАМГИЙН АМАРХАН ЗҮЙЛЭЭС ЭХЭЛ

Аливаа үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэхэд хамгийн хэцүү үе шат нь эхлүүлэх байдаг. Бид алива төсөл, ажлыг хийхээс өмнө тэр нь шугаман дарааллын дагуу хийх ёстой нөсөр ажил гэж ихэвчлэн бодох гээд байдаг. Гэтэл үнэндээ бид тухайн ажлыг хаанаас нь ч эхлүүлж болох бөгөөд хийсээр байгаад дуусгаж чадна. Хамгийн амархан хэсгээс нь эхлэх нь аливаа сэтгэл хөдлөлийн эсэргүүцэлтэй тулах байдлыг багасгадаг бөгөөд нэгэнт эхэлсэн байхад, нэг мэдэхэд дотор нь орчихсон ажлаа хийж байдаг.

ЖИЖИГ ХЭСГҮҮДЭД ХУВАА

Хэрэв бид өөртөө энэ ажлыг хийхэд ердөө тавхан минут л шаардагдана гэж хэлвэл тухайн ажил арай хялбар санагддаг. Ялангуяа, хамгийн амархан ажлаас нь эхэлж хийх үед, тухайн ажлаа үргэлжлүүлэн хийх нь, дараа эргэн ирж хийснээс илүү амархан санагддаг. Ингээд нэг мэдэхэд, өөртөө амласнаас ч илүү урт цагаар хийж байгаагаа анзаардаг.

ЭХЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ СААДУУДЫГ УДИРДАХ

Хэрэв та гадны нөлөөнд амархан автаж, анхаарал сарнидаг бол та ажлаа хийхээс өмнө таны анхаарлыг юу сарниулж болох талаар бодоорой. Ингэвэл, таны анхаарал сарних байдал буурдаг байна.

Энэ нь таныг танд саад болж болзошгүй эд зүйлс, хүмүүсийг урьдчилан харж, тэдгээрээс өөрийгөө нэгмөсөн тусгаарлаж төвлөрөхөд тусална.

ӨӨРИЙГӨӨ ЯМАР ОРЧИНД ХАМГИЙН САЙН АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГЭЭ МЭДЭХ

Ажлын орчны тав тух, тохирох байдал нь хүн бүрд харилцан адилгүй. Жишээ нь зарим нэг хүмүүс хүн цөөтэй, эсвэл хүнгүй нам гүм орчинд маш үр дүнтэй ажилладаг бол, зарим хүмүүст энэ нь харин ч өөр зүйл бодож, анхаарал сарнихад хүргэдэг. Тийм хүмүүсийн хувьд эргэн тойронд нь тодорхой хүмүүс байх нь илүү анхааралтай ажиллахад нь түлхэц болдог. Харин таны хувьд та яг ямар орчинд бүтээмж өндөртэй, анхаарал сайн төвлөрч ажиллаж чадаж байгаагаа анзаарарай.

ӨӨРИЙГӨӨ ШАГНАХ

Нэлээд цаг хугацаа шаардагдах ажлуудаа нэг нэгээр нь хийж эхлэхээс өмнө, өөрийгөө шагнах цагийг төлөвлөөрэй. Жишээ нь та давхар кремтэй мокканд дуртай бол, нэгээс хоёр цаг ажиллахаасаа өмнө тэр амттанаа ууж байгаагаар өөрийгөө төсөөлөн бодоорой. Ингээд тухайн ажлаа хийж дуусгамагц, өөртөө мокка худалдан авч өөрийгөө шагнах хэрэгтэй. Ингээд үүрэг даалгавраа хийж гүйцэтгэсний дараа өөрийгөө шагнах нь ямар сайхан таатай байдгийг та санах болно. Энэ мэдрэмж нь таныг дахиад дараагийн ажлаа хурдан шуурхай хийж гүйцэтгэхэд өдөөнө. Эдгээр шагнал нь болж өгвөл, та байнга өөртөө өгөөд байдаггүй тийм шагналууд байвал сайн.

ХЭТ ТӨГС ТӨГӨЛДӨР БАЙХААС ЗАЙЛСХИЙХ

Аливаа төслийг эхлүүлэхэд хамгийн том саад болдог зүйл бол ажлыг хэт төгс төгөлдөр хийх гэж оролдох юм. Алдарт эрхэм, Winston Churchill үүнийг “Төгөлдөршил бол ахиц дэвшлийн дайсан юм. Бид ямар нэг шинэ зүйлийг туршихаар шийдэх гэтэл алдахаас айх айдас нь бидний замд хөндөлсдөг” гэж тодорхойлсон байдаг. Алдаа гаргахаас айх айдас нь биднийг тахир дутуу мэт болгож, шинэ зүйлийг эхлүүлэх боломжгүй болгодог. Бид зөвхөн хийж, алдаж байж л суралцдаг. Та алдсан боловч, эцэст нь амжилтанд хүрч байсан түүхүүдээ бодоорой.

Harvey Deustschendorf

2019-01-26T14:41:59+00:00 Нэгдэгүүр сар 26, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.