ТА ХАРИЛЦААНЫ ЯМАР ХЭВ МАЯГТАЙ ХҮН БЭ?

Хүн бүрийн амьдралд, ямар нэг хурал уулзалт, эсвэл утсан харилцаа, эсвэл үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан ярилцсаны дараа “энэ хүн яг юу яриад байгаа юм бол, үнэхээр юу ч ойлгосонгүй” гэж бодож байсан үе тохиолдолддог.
Ялангуяа, ажлын байран дээр нэг нэгэнтэйгээ зөв харилцаж, зөв ойлголцох нь ажлын байрны стрессийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад хамтран ажиллагсадтайгаа илүү сайн харилцаатай болоход хамгийн чухал нөлөөтэй. Гэвч, хүмүүсийн харилцааны хэв маяг нь өөр өөр байдгаас, заримдаа нэг нэгнийгээ ойлгоход бэрхшээл үүсдэг бөгөөд энэ нь яг л харь гаригийн гийчинтэй ойлголцохыг оролдохтой адил байдаг байна.
“Хүмүүсийн харилцааны хэв маягийн ялгаатай байдал нь аливаа зөрчилдөөнийг бий болгодог” гэж судлаач Aubrey Blanche гэж дүгнэсэн байна.
Уг нь бол, өөр үзэл бодолтой, өөр хүмүүс хамтарч ажиллах нь олон талын үр ашигтай байдаг. Гэсэн ч, багийн гишүүд хоорондоо илүү сайн хамтарч, үр нөлөөтэй байхын тулд нэг нэгнийхээ харилцааны хэв маягийг ойлгож, тэдэнтэй ижилхэн хэлээр ярьж, ойлголцох нь үр дүнтэй байдаг.
Тэгвэл та хэрхэн та ямар ч хэв маягтай хүнтэй ярьсан, тэр хүн таныг зөв сонсож, ойлгосон гэдэгт итгэлтэй байх вэ?
Судалгаанаас харахад, бид нар ажлын цагийнхаа 80% -ийг хурал уулзалт, утсаар ярих, имэйлд хариу бичих гэх мэт харилцаанд зарцуулдаг байна. Учир нь, ажлын байран дээрх харилцаа холбоо үргэлж амар хялбар байгаад байдаггүй.
Тэр ч бүү хэл, 2016 оны Harvard Business Review-ийн судалгаагаар менежерүүдийн 69 хувь нь ажилтнуудтайгаа харилцахдаа тав тухгүй байдлыг мэдэрдэг гэсэн байна.
Хүн өөрөөсөө өөр байдлаар ярьж, харилцдаг хүнтэй ойлголцоход нэлээд бэрхшээлтэй тулгардаг. Тухайн хүний ярьсан зүйлийг тодруулах гэж нааш цааш явах нь цаг хугацааг үрэн таран хийгээд зогсохгүй ихэвчлэн хүмүүсийг сэтгэл дундуур, ууртай, эсвэл бүр цөхөрсөн байдалд аваачдаг.
Тэгвэл ажлын байран дээрх харилцаанаас үүдэлтэй үл ойлголцол, эмх замбараагүй байдлыг бид хэрхэн сайжруулж болох вэ?
Хүмүүсийн харилцааны хэв маягийг тодорхойлсон нэлээн хэдэн онолууд байдаг боловч, энэ удаа манлайллын коуч Mark Murphy-ийн тодорхойлсон харилцааны хэв маягуудыг харцгаая.

Эдгээр нь, Analytical (шинжээч), Intuitive (зөн совинтой, мэдрэг), Functional (ажил үүргийн), Personal (хувьчилсан) зэрэг 4 харилцааны хэв маяг болно.
Mark Murphy нь харилцааны хэв маяг бүрийг хэрхэн тодорхойлох мөн тэдгээртэй хэрхэн үр нөлөөтэй харилцах тал дээр төвлөрч судалсан.

ANALYTICAL (ШИНЖЭЭЧ): ТООН ӨГӨГДӨЛ БОЛОН ТОДОРХОЙ БАЙДЛААР ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРТ ДУРТАЙ ХҮМҮҮС.

Ийм төрлийн харилцааны хэв маягтай хүн нь тоон өгөгдөлд дуртай бөгөөд хүмүүстэй тусгай, томъёолсон хэлээр харилцахыг эрхэмлэдэг. Ийм хүмүүс тодорхой бус хэл яриатай хүмүүсээс өөр бөгөөд аливаа харилцан яриаг логик байхад дуртай байдаг. Харин яриа сэтгэл хөдлөлтэй болж өөрчлөгдөх үед тухайн харилцаанд хандах сонирхол нь буурдаг байна.
Жишээ нь ийм хүмүүс хурал дээр хэн нэгэн нь “борлуулалт эерэг сайн байлаа” гэж ярихыг сонсоод эерэг, сайн гэдэг нь яг юу гэсэн үг вэ? 5.2% уу, эсвэл 8.9% уу? Надад тодорхой тоогоор ойлгуулна уу гэж хүсдэг.
Ийм хүмүүст байдаг давуу тал нь харилцаа нь сэтгэл хөдлөлгүй, логик байдаг бөгөөд илүү хурдан байдаг. Гэвч ийм хүн бусад хүмүүст хүйтэн хөндий, ууртай байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлдэг.
Тэгвэл Analytical (шинжээч) хүнтэй хэрхэн харилцах вэ?
Хийвэл зохих:
• Аль болох урьдчилж, нарийн деталь мэдээлэл өгөх
• Хүлээлтийг нь маш тодорхой болгох
• Бие даан ажиллах боломжийг өгөх
Зайлсхийх:
• Аливаа харилцан ярианд “би мэдэрч байна” гэхээс илүүтэй “би……мэдэж байна”, эсвэл “би…бодож байна” гэсэн үгсийг хэрэглэ. Яриаг сэтгэл хөдлөлтэй болгохоос зайслхийх.
• Ажлыг нь шүүмжилж томъёлох

INTUITIVE (ЗӨН СОВИНТОЙ, МЭДРЭГ): ТОМ ЗУРГААР ХАРДАГ СЭТГЭГЧИД

Intuitive (зөн совинтой, мэдрэг) хэв маягтай харилцагчид нь аналитик харилцагчдын яг эсрэг төрлийн хүмүүс байдаг.
Ийм хүмүүс дата, мэдээлэл, бодит зүйлсийг ярихаас илүүтэй асуудлыг том зургаар нь харж, сэтгэж ярьдаг хүмүүс байдаг. Тэдэнд нэг бүрчлэн заасан заавар, нарийн мэдээлэл тийм ч чухал биш, харин хамгийн чухал зүйл дээрээ анхаарахад нь туслах том зураглалыг харж, бодож ярих нь чухал байдаг.
Танд хурдан хариулт хэрэгцээтэй үед өрнүүлж байгаа харилцаанд энэ хэв маяг тустай. Эсвэл, танд аливаа асуудлыг хайрцагнаас гадуур сэтгэх шаардлагатай үед тохирох боловч, тухайн ярианы хувьд дууны өнгө хэмнэл нь утга учиртай байх үед, ийм хэв маягаар харилцах нь яг л үнэтэй бугуйн цагийг алхаар засах гэж оролдохтой адил үр дүнгүй байдаг.
Ийм хэв маягтай харилцаатай хүнтэй хэрхэн ажиллах вэ?
Хийвэл зохих:
• Гол сэдэв дээрээ төвлөрч, өндөр түвшинд аваачих
• Асуудлаас урган гарч ирэх асуултанд хариулахад бэлэн байх
• Нарийн деталь мэдээллийг хамгийн бага байлгах

Зайлсхийх
• Хэтэрхий их деталь мэдээлэл
• Тэдний харилцааны хандлагыг өөр дээрээ хүндээр тусгах
• Хэт том амлалтуудыг өгөх

FUNCTIONAL (АЖИЛ ҮҮРГИЙН): АСУУДАЛТАЙ АЛХАМ АЛХМААР НҮҮР ТУУЛАХ

Ийм харилцааны хэв маягтай хүн нь аливаа зүйлсийг үйл явцын дагуу нэг бүрчлэн хийх дуртай байдаг.

Бүр нарийн тодорхойлвол, ийм хүмүүс аливаа ажлыг хийхдээ зааварчилгааг алхам бүрээр нь дагах дуртай, нарийн мэдээллийг судалдаг, төлөвлөгөөний дагуу, цаг хугацаанд нь ажлыг хийхийг эрхэмлэдэг хүмүүс байдаг. Ийм хүмүүс хэн нэгэнтэй уулзаж ярилцаж байгаа бол, ямар ч мэдээллийг дутуу орхихгүй, алгасахгүйгээр бүх зүйлийг эхнээс нь дуустал нь нэг бүрчлэн ярилцах дуртай байдаг.
Ажлын байран дээрх харилцаан дээр ийм хэв маягийн харилцаа нь өндөр ач холбогдолтой байдаг. Ажлынхаа бүх үйл явц, алхмуудыг мэдсэнээр ийм хэв маягтай хүмүүс удирдах албан тушаалд ажиллах боломжтой, тохиромжтой байдаг. Гэхдээ, зарим тохиолдолд ийм харилцааны хэв маяг нь зарим хүмүүст уйтгартай санагддаг. Учир нь хэтэрхий нарийн мэдээлэл ухаад, бүх зүйл дээр ийм байх нь харилцагч талд бага зэрэг сонирхолгүй санагддаг.
Ийм харилцааны хэв маягтай ажилтантай хэрхэн ажиллах вэ?
Хийвэл зохих:
• “Идэвхтэй сонсох” техникийг ашиглаж, тэдний хэлсэн зүйлийг давтан хэлж, урган гарах агуулгатай холбоотой асуулт асуух хэрэгтэй
• Та зүгээр л ямар нэг асуудлыг бодож, эргэцүүүлж байсан ч, тэдний зүгээс нарийн мэдээллийг танаас асууна гэдгийг хүлээ,
Зайлсхийх:
• Яриагаа хурдан дуусгахыг яаруулах, эсвэл хурдан шийдвэр гаргахыг ятгах
• Тэднийг яливаа санааг 100 хувь дэмжинэ гэж таамаглах

PERSONAL (ХУВЬЧИЛСАН): МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЗАМААР ХАРИЛЦДАГ.

Эцэст нь хувьчилсан харилцааны хэв маягтай хүний талаар харцгаая. Ийм хэв маягтай хүмүүс харилцаа, холбоо, сэтгэл хөдлөлийн хэлийг юу юунаас илүү эрхэмлэдэг. Тэдний сонирходог, санаа тавьдаг тийм асуудлын талаар хүн ярьж байвал, тэд маш сайн сонсогч байж чаддаг. Мөн маш боловсон, дипломат байдаг. Мөн аливаа ярвигтай асуудлуудыг зөөлрүүлэхэд тус болж чаддаг.
Ийм хүнийг ихэвчлэн багийн гишүүдийг хооронд нь холбож байдаг цавуу гэж хардаг. Ийм харилцааны хэв маягтай хүн аливаа харилцааг ямар нэг ажил, эсвэл төслийг урагшлуулах нэг хэрэгсэл гэж харахаас илүүтэй, нэг нэгнээ таньж мэдэх боломж гэж хардаг бөгөөд бат бөх харилцааг бий болгож чаддаг.
Харамсалтай нь энэ харилцааны хэв маяг бүх хүнд тохирдоггүй. Ялангуяа, аналитик харилцааны хэв маягтай хүмүүсийн хувьд харилцан яриа мэдрэмж болж хувирах үед, энэ нь тэдэнд таагүй мэдрэмж төрүүлж, харилцаагаа хаагдмал болоход хүргэдэг.
Ийм харилцааны хэв маягтай хүнтэй хэрхэн ажиллах вэ?
Хийвэл зохих:
• Харилцан яриаг аль болох хөнгөхөн, энгийн байлгах
• Ямар нэг зүйл танд ямар “мэдрэмжийг төрүүлсэн”бэ гэж асуухад гайхаж, гомдох хэрэггүй. Эсвэл тухайн үгийг өөр дээрээ шууд тусгаж авах хэрэггүй.
• Уулзалтын дараа чухал мэдээлэл, баримтуудыг имэйлээр илгээж баталгаажуулах (учир нь анхны уулзалтын үеэр тэд тэдгээр зүйл дээр сайн төвлөрөхгүй байх боломжтой)
Зайлсхийх:
• Тэдэнтэй дорд өнгөөр ярих, эсвэл хэт өөдрөг байх
• Аливаа яриаг зөвхөн баримтаар дүүргэх.
• Нарийн деталь мэдээлэл руу орохыг хэт шахах

2019-01-27T15:21:34+00:00 Нэгдэгүүр сар 27, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.