ЯАГААД ХИЧНЭЭН ЗАВГҮЙ БАЙСАН Ч, ХОББИНДОО ЦАГАА ЗАРЦУУЛАХ НЬ ЧУХАЛ ВЭ?

Дэлхий даяар хүмүүс байнгын цаг давчуу байдал дунд амьдарсаар улмаар өөрсдөд нь чухал тийм зүйлд ч цагаа зориулж чадахгүйд хүрч байна. Судалгаанаас харахад хүмүүс дуртай зүйлээ хийхэд буюу хоббиндоо цагаа зарцуулах байдал нь эрс багассан байна.
Энэ нь энгийн зүйл мэт санагдаж байж болох ч, хүмүүс хоббиндоо зориулах цаггүй болох үед бизнесүүд, аж ахуйн нэгжүүд төлөөсийг нь төлдөг байна. Учир нь хобби нь ажилтныг ажлаа илүү сайн хийхэд маш их нөлөөтэй. Жишээ нь гитар тоглож дуу зохиох дуртай байсан хүн хэт их цагийг зөвхөн ажилдаа зориулснаас болж гитар тоглох хоббигоо орхижээ. Тэрээр 7 хоногт бараг 72 цаг ажилдаг болсон байна. Удалгүй тэрээр ямар ч эрч хүчгүй болж, ажлын бүтээмж нь ч эрс багасаж байгааг анзаарсан. Судалгаанаас харахад ядарч, цөхөрсөн ажилтнууд ихэвчлэн зурагт үзэх, эсвэл шал дэмий зүйл хийж цагаа үрдэг байна. Харин яг дуртай хоббиндоо цагаа зориулснаар хүний эрч хүч илүү сайн нөхөгдөж, тархины үйл ажиллагаа сэргэж байдаг аж.

Бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ.

Тасралтгүй өөрчлөгдөж байгаа бизнесийн орчинд бусдаас ялгарч, өрсөлдөхүйц байхын тулд байгууллагуудад шинэ санаа, инноваци хэрэг болдог. Тэгвэл яг энэ зорилгын хүрээнд ажилладаг хүний хувьд хэрэв уураг тархи нь хэмжүүр, зорилтууд, цагийн хуваариар дүүрсэн байвал, тэр хүнд шинэ санаа гаргах нь маш хэцүү болдог.
Харин бүтээлч хобби нь хүний тархийг тэрхүү хашигдсан байдлаас чөлөөлж чаддаг байна. Та хөгжимчин, жүжигчин, зохиолч, тогооч хэн ч байсан та тухайн зүйлээ төсөөлөн бодохдоо цоо шинээр оюун бодлоо ачааллуулж эхэлдэг.
Өөртөө тодорхой орон зайг бий болгож, мэдрэмжин дээрээ анхаарснаар өөрийн бүтээлч байдлыг сэргээж чадна. Нейрологи судлаачид хүний логик бодол болон сэтгэл хөдлөл нь тархины өөр өөр хэсгүүдэд байдаг гэдгийг олж тогтоосон. Мөн хүн бүтээлч байхын тулд энэ хоёр хэсэг хоёулаа сэргэх шаардлагатай байдаг байна.

Юмыг харах, дүгнэх чадвар сайжирна.

Урлагийн хүмүүс бүтээлээ туурвиж байхдаа хийдэг нэг гайхалтай зүйл бол бүтээл нь , түүнийг хүлээн авагч талд ямар мэдрэмжийг төрүүлэх бол гэсэн бодол байдаг байна. Шаварчин хүн өөрийнх нь урласан баримлыг худалдаж авсны дараа тухайн хүнд ямар хариу үйлдэл, сэтгэл хөдлөл илрэх бол гэж төсөөлдөг. Харин зохиолч өөрийнх нь уншигчид нь номыг нь уншаад гэнэтийн үйл явдлыг хэрхэн хүлээж авах талаар төсөөлөн боддог.Өөрөөр хэлбэл, аливаа зүйлийг бусад хүний нүдээр харж, бодлоор бодох тэр чадвар нь нэмэгддэг байна.

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгдөг.

Ажил дээрээ хүнд даалгавар, сорилттой нүүр тулах үедээ бид тухайн асуудлыг амжилттайгаар шийдэж чадах эсэх талаар өөрөөсөө асууж, эргэлзэх үе байдаг. Энэ байдал олон давтагдсаар бид шинийг сэтгэж, бүтээлч байж чадах эсэхэд эргэлзэж, өөртөө итгэх итгэл маань сулардаг. Харин гитар тоглох хоббитой хүн гитараа тоглож, хэдэн ноотыг уянгалуулж, сайхан дуугаргахад тухайн хүнд сайхан мэдрэмж төрдөг бөгөөд өөртөө итгэх итгэл нь ч мөн эрс нэмэгддэг байна.

Нэгэн судалгаагаар бүтээлч зүйлийг хийх нь хүний мэдрэмжийг тухайлбал, бүтээх, хянах, тайвшрах мэдрэмжүүдийг сэргээж, гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.
Тийм ч учраас хүний оюун санааг амрааж чадах тийм бүтээлч үйл ажиллагаанд та оролцсоноор ажлын гүйцэтгэлээ эрс сайжруулах боломжтой.

Томоохон компаниуд жишээ нь Zappos ажилтнуудынхаа зурсан зургийг ханан дээр өлгөдөг бөгөөд ширээгээ өөрийнхөө хүссэнээр тохижуулахыг зөвшөөрдөг. Зарим байгууллагууд авъяастнуудыг илрүүлэх шоуг зохион байгуулдаг. Заавал дуулах, бүжиглэх авъяасгүй ч өөрт нь хөгжилтэй санагдах мөн шинийг бүтээх мэдрэмжийг төрүүлсэн ямар нэг зүйлийг хийх нь чухал. Зарим нэг захирлууд өөрийнхөө хоббинд цаг гаргахдаа ч хүртэл нарийн төлөвлөдөг байна. Тэр нь заавал олон цаг байх албагүй. 7 хоногт 1-2 удаа 30-45 минут байхад л хангалттай байдаг. Хамгийн гол нь тухайн зүйлд цагаа зарцуулахдаа цагаа дэмий үрж байна гэж харамсахгүй байх нь чухал.

Эх сурвалж: HBR

2019-02-09T09:01:49+00:00 Хоёрдугаар сар 9, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.