АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ЗӨРЧИЛДӨӨН, МАРГААНААС ЗАЙЛСХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?

Танай байгууллагын удирдлагууд ажилтан хоорондын зөрчилдөөн, маргаанаас аль болохоор зайлсхийж, харин ажилтнуудыг илүү аз жаргалтай, баяртай байлгахын тулд илүү анхаарч ажилладаг уу? Ихэнх байгууллагад ийм уур амьсгалыг бий болгоход түлхүү анхаарч ажилладаг. Үүний нэг илрэл бол,  хурлын үеэр ажилтнууд маргалдаж, уур амьсгал таагүй болох үед энэ асуудлыг “тусдаа ярилцъяа” гэж хэлж, маргаанаас зайлсхийдэг. Энэ байдал үнэндээ асуудлыг шийдэх биш, харин ч тухайн асуудлаар дахин дахин хуралдах үндсийг тавьдаг бөгөөд улмаар  байгууллагад тэмцэл, зөрчилдөөнөөс зайлсхийдэг тийм соёлыг бэхжүүлж байдаг.

Өөр нэг жишээ нь удирдагч хүн “үгүй” гэж хэлэхээс айн, эн тэргүүний ач холбогдолтой зүйлсийн жагсаалтыг өөрчлөх явдал.  Мөн хэн нэгэнтэй зөрчилдөхгүйн тулд  бүтээмж муутай байгаа, эсвэл гүйцэтгэл муутай байгаа ажилтантайгаа нүүр тулахаас зайлсхийснээр удирдагчид байгууллагад шударга бус байдал,  үр ашиггүй байдлыг бий болгож байдаг. Энэ байдалд дургуйцсэн ажилтнууд дургүйцэл болон уур ундуйцлаа нэг нэгэндээ гаргадаг.  Ихэнх байгууллагууд аливаа маргаан, зөрчилдөөн нь ажилтнуудыг ажилдаа энгейжид байхад саад болно гэж ташаа боддог.

 

Үнэндээ бол тийм биш юм. Харин ч эсрэгээрээ, аливаа зөрчилдөөнөөс зайлсхийж байгаа  нь ажилтнуудыг ажилдаа илүү энгэйжид болоход саад болж байдаг.  Маргаан, зөрчилдөөнөөс зайлсхийх нь удирдагч хийх ёстой хамгийн чухал ажлаа үл тоомсорлож байгаа явдал  бөгөөд ажлын ачааллыг ч улам ч нэмэгдүүлдэг. Удирдагчийн байр сууринд байгаа хүн аливаа маргаан, тэмцлээс зайлсхийснээр муу гүйцэтгэлийг  өөхшүүлж байдаг бөгөөд бусад ажилтнуудын идэвхийг ч сулруулж байдаг.  Цаашлаад удирдагчийн энэ хандлага нь ажилтнуудад үзэл бодлоо илэрхийлэх нь аюултай гэсэн дохиог өгч байдаг бөгөөд энэ нь эргээд илүү их стресс бухимдлыг үүсгэдэг.  Харин, асуудлуудаа ил гаргаж, тэдгээрийг үр дүнтэй шийдвэрлэх нь эрүүл байгууллагын соёлыг бүрдүүлэх үндэс болдог.  

 


Аливаа асуудал, зөрчилдөөнийг далдалж нуух нь ажилтнуудын энгейжментэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, бизнесийн үйл ажиллгаанд ч сөрөг нөлөөтэй. Та аюулгүй, тусгаарлагдмал байх хүслээ дээгүүр тавьснаас болж, байгууллагад инновацийг ч бий болгох боломжийг алдсан юм биш биз? Хэн нэгэнтэй сөргөлдөхөөс айснаас болж, та ажлын байран дээрээ маш их  эрсдэлтэй нөхцөл байдлуудыг нэмэгдүүлж байгаа юм биш биз?

 

Байгууллага нь ажилтнууддаа зөрчилдөх, маргах, мэтгэлцэх  боломжийг олгох нь маш чухал байдаг. Гэхдээ энэ бол тийм ч амархан зүйл биш. Учир нь ажилтнууд аливаа тэмцэл, зөрчилдөөнийг үр нөлөөтэй, бүтээлчээр хийх ур чадвар, сэтгэлгээгээр дутмаг байдаг. Мөн дараах гурван зүйл саад болдог. Нэг дэх саад нь багтайгаа нийцтэй байх ёстой гэсэн ойлголт бидэнд гүн шингэсэн байдаг.  Хоёрдугаарт, нийгэм биднээс эелдэг, соёлтой байхыг шаарддаг.  Гуравдугаарт,  байгууллагаа биднээс хамт олонтойгоо эвтэй, нийтэч байхыг  хүсдэг бөгөөд ийм байгаа ажилтнуудыг сайшаадаг бол харин  маргаан, зөрчилдөөн гаргасан хүнийг буруушаах нь элбэг.

 

Үр нөлөөтэй маргаан, зөрчилдөөнийг  бий болгохын тулд та багийнхаа дунд аливаа багт сөргөлдөөн байх нь хэвийн үзэгдэл гэсэн ойлголтыг  бий болгох хэрэгтэй. Эрүүл, бүтээмжтэй маргаан, мэтгэлцээн нь ямар байх ёстойг удирдлага нь ажилтнууддаа зөвөөр ойлгуулах нь чухал.

 

Үүний тулд та ажил үүрэг тус бүрийн онцгой байдал болон ажил үүргүүд хооронд гарч болох зөрчилдөөнийг харуулах дасгал ажиллуулж болно. Тойрог зураад, ажил үүрэг бүрийн тоогоор тойргийг олон хэсгүүдэд хуваа. Үүрэг тус бүр дээр дараах асуултуудыг тавь:

 

1) Энэ ажил үүргийн онцгой давуу тал юу вэ? Өөр хэн ч биш, гагцхүү энэ хүн л анхаарах ёстой ямар асуудал энэ ажил үүрэг дээр байна вэ? Хэрэв энэ ажил үүрэг байхгүй байсан бол яах вэ?

 

2) Энэ ажил үүрэг нь ямар оролцогч тал дээр төвлөрч байна вэ? Хэнд үйлчилж байна вэ? Амжилтыг хэн тодорхойлж байна вэ?

 

3) Багийн хэлэлцүүлэгт энэ ажилтан аль тал дээр хамгийн их мэтгэлцэж, маргаж байна  вэ? Бусдад таалагдахгүй байж болох ямар зүйлсийг  энэ ажил үүрэг дээр байгаа хүн хэлэх шаардлагатай болж байна вэ?


Багийн гишүүдээр хэсэг тус бүр дээр хариултыг бичүүл.
Өөр өөр  үүрэг дээр байгаа ажилтнууд хэрхэн нөгөө ажил үүргүүд дээр байгаа ажилтнуудтай зөрчилдөх ёстойг харуул.

Аливаа зөрчилдөөнтэй хэрхэн нүүр тулах вэ гэдэг сургалтыг ажилтнууддаа заахаас өмнө, зөрчилдөөн мэтгэлцээнийг бүтээлч байдлаар, ажил үүрэг дээр суурилан зөв  хийх нь хэвийн зүйл гэдгийг ойлгуулах нь чухал байдаг.

Багийн уур амьсгалыг сайжруулах  тал дээр сургалт, зөвлөгөө шаардлагатай бол бидэндтэй contact@customerking.mn, 7709-9266 утсаар холбогдоно уу.

 

2019-03-18T05:20:53+00:00 Гуравдугаар сар 18, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.