Өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлсэн биеийн хэлэмж, биеийн дохио нь таныг амжилт руу хөтлөх үндэс болдог. Та хэдий чинээ амжилт, өрсөлдөх чадвар, нөөц бололцоог өөр дээрээ тусган харуулна, төдий чинээ тэдгээр зүйлс тан дээр ирэх магадлал өндөр байдаг. Тиймээс өөртөө итгэлтэй байгаагаа харуулах биеийн хэлэмжийг харуулахын тулд түүнийг зуршил болгох нь чухал. Эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүстэй ойр байх нь зорилгодоо хүрэхэд тустай байдаг. Түүнчлэн та зөв газраа, зөв цагтаа, зөв хүмүүстэй байх үедээ биеийн хэлэмжээ хамгийн зөвөөр ашиглаж чадвал зорилгодоо хүрэхэд илүү ихээр ойртоно.
Та цалингаа өсгөх, эсэл хамтрагч олох, албан тушаал өсгөх, эсвэл шинэ бизнесийн боломжийг хайж байгаа гэх мэт аль нь ч байсан, дараах таван биеийн хэлэмжийг туршаад үзээрэй.
Биеийн өндрөө бүрэн дүүрэн ашигла.
2015 онд хийгдсэн нэгэн судалгаагаар, хүн 10-12 см-ээр өндөр байх нь ижил албан тушаалтай боловч, өөрөөсөө намхан хүмүүсээс 9-15 хувиар өндөр цалинтай байх боломжийг бүрдүүлдэг байна.
Тиймээс та хэрэв өндөр нуруутай бол түүнийхээ давуу байдлыг бүрэн дүүрэн ашиглахын тулд эгц зогсох хэрэгтэй.
“Эрх мэдэл, байр суурь, өөртөө итгэх итгэл нь өндөр болон оройн зайн тусламжтайгаар үгэн бус байдлаар харагддаг” гэж “Удирдагчдын биеийн хэлэмж” сургалтын хөтөлбөр боловсруулагч Carol Kinsey Goman хэлсэн байна.
Орон зайг эзлэхээс бүү эмээ
Хэрэв та өөрийн нурууны өндөр дээр нэмээд илүү их сүр хүчийг нэмэгдүүлэхийг хүсвэл, илүү их орон зайг эзэл. Жишээ нь танилцуулга хийж байхдаа, эгц зогсонгоо, нааш цааш холхин явж, танилцуулгаа хий. Сандал дээр суухдаа тохойгоо сандал дээрээ түшүүлж суу. Мөн хурлын ширээн дээр өөрийнхөө зүйлсийг тараан байршуул.
Өөр нэг стратеги нь: Ширээнээс алгын зайтай суу. Энэ нь таны илүү өндөр харагдуулдаг бөгөөд хурлын өрөөнд байгаа хүмүүс таныг илүү харах боломжтой болгодог.
Мөн ширээнээс дэвтэр, ус, зэргийг авахад таны гар илүү хол сунах бөгөөд энэ нь таныг илүү их орон зайг эзлэхэд туслах болно. Хүн зөн совингоороо, том байх нь жижиг байхаас илүү хүчтэй байдаг гэдэгт итгэдэг. Хүмүүс илүү эрх мэдэлтэй, хүчтэй харагдаж байгаа хүмүүст илүү өндөр цалин, хүндлэл, нөөцүүдийг өгөх хандлагатай байдаг.
Инээмсэглэл ба нүдэн харилцааг бүү дутуу үнэл
Хүмүүсийн ой санамжинд үлдмээр байна уу? Инээмсэглэл тодруулж байгаа царай нь нийгмийн эерэг дохиог хүмүүст илгээж байдаг. Та инээмсэглэх тусам таны уулзсан хүмүүс таныг ой санамжиндаа хадгалж үлддэг бөгөөд уулзалтынхаа талаар ч мартдаггүй байна.
Хэн нэгэн руу инээмсэглэх нь эргээд нөгөө хүн ч бас тан руу хариу үзүүлэхэд өдөөж өгдөг. Энэхүү булчингийн хөдөлгөөн нь тухайн хүний сэтгэл хөдлөлд эерэгээр нөлөөлдөг.
Харин нүдэн харилцаа нь хүнийг өөртөө итгэлтэй харагдуулдаг. Хэн нэгэнтэй ярилцах үедээ 50-60 хувьд нь нүдэн харилцаатай байхыг хичээгээрэй. Үүнийг зуршил болгохын тулд, дараах аргыг хэрэглээд үзээрэй. Хэн нэгэнтэй ярилцаж эхлэмэгцээ, тухайн хүний нүдний өнгийг олж харах хүртэл хараагаа өөр тийш бүү хандуул.
Гараа ашигла
Хүмүүс сайн удирдагчдыг тайван, гярхай шинж чанараар нь хардаг бол мөн биеийн хэлэмжээр нь шинждэг. Жишээ нь гараа дэлгээд гэдэснийхээ харалдаа тогтоох. Энэ нь таныг юу ч нуугаагүй бүх зүйлээ шударгаар хэлж байгааг илэрхийлэх дохио болдог бөгөөд таныг амаа нээж нэг ч үг хэлж амжаагүй байхад итгэлцэл, найдвартай байдал, итгэлтэй байдал, тайван байдлыг таны өмнөөс илэрхийлж чаддаг.
Ярьж байхдаа гарын дохио зангаагаа ашиглах нь ярьж байгаа болоод сонсож байгаа хүмүүсийн аль алинд чухал мэдээллийг дамжуулдаг бөгөөд ярьж байгаа хүнд зөв үгийг зөв ашиглахад тусалдаг. Цаашлаад ярианы агуулга сайжирдаг бөгөөд сул үг ашиглах байдал ч багасдаг байна.
Сандрах үедээ гаргадаг зуршлуудаа олж тогтоож, тэднийг зас
Үсээ ороож эргүүлэх, хөлөө ачих, хүзүүгээ эргүүлэх, гараа дугаргах гэх мэт үйлдлүүдийг та сандарсан үедээ хийдэг байж болох юм. Эдгээр үйлдлүүдийг байнга хийх нь таныг тайван, цоглог, итгэлтэй удирдагч гэж харуулж чадахгүй.
Тиймээс биеийн хөдөлгөөн, хэлэмжээ шинэчилж, өөртөө итгэлтэй байдлыг харуулахын тулд гүнзгий амьсгаа авч, тайван байхад суралцах дасгал хийгээрэй.
Эх сурвалж: Entrepreneur.com
Сэтгэгдэл үлдээх