Хэдэн жилийн өмнөөс дотоод маркетинг гэсэн ойлголт гарч ирсэн.  Дотоод маркетинг гэж юу вэ, энэ яагаад чухал вэ?

Дотоод маркетингийн давуу талыг ярихаас өмнө “маркетинг” гэсэн нэр томъёог тодорхойлъё. 1976 онд Chartered Institute of Marketing –аас  маркетингийг “Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан таамаглаж, тодорхойлж байдаг менежментийн үйл явц” гэж тодорхойлсон. Хэдийгээр маркетингийн нэр томъёог борлуулалт, зар сурталчилгаа, промошн зэргийг илэрхийлэхэд ашиглаж ирсэн боловч дээрх тодорхойлолтын дагуу бол энэ нь  менежментийн үйл явц юм.

Аливаа бизнесийн хамгийн чухал зорилго нь бизнесийг явуулахад шаардлагатай хөрөнгөөр хангадаг бизнесийн эзэд буюу хувьцаа эзэмшигчдэд үр өгөөжийг нь өгөх болон бизнест орлогыг бий болгож байгаа, мөн үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн ажиллаж байгаа ажилтнуудад ажлын таатай орчинг нь бүрдүүлэх явдал юм.

Дотоод маркетингийн онолын дагуу бол, тухайн компани руу чиглэсэн үйлчлүүлэгчдийн хандлага нь зөвхөн  бүтээгдэхүүн үйлчилгээнээс авч байгаа мэдрэмжин дээр суурилдаггүй, харин байгууллагын бүхий л хэсгүүдээс авч байгаа мэдрэмжүүдийн цогц гэсэн онол юм.  Тийм учраас харилцагчтай шууд харилцдаг ажилтнууд л зөвхөн үйлчлүүлэгчид ямарваа нэг сэтгэгдэл төрүүлдэггүй, харин  шууд бусаар харилцдаг ажилтнууд ч мөн нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн сэтгэл ханамж нь компанийн нийт ажиллах хүчний гүйцэтгэлээс ихээхэн хамааралтай байдаг.

Дотоод маркетингийн талаар яригдах үед, үүнийг ихэвчлэн борлуулалтын үйл явц, эсвэл байгууллага болон түүний зорилтуудыг ажилтнуудад ухуулан сурталчлах гэж бичиж, ярьдаг байсан. Харин үнэндээ бол, дотоод маркетингийн үйл явцын зорилго нь өөрийн санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчдад, үйлчлүүлэгчдэд үнэ цэнэтэй болгоход компанийн дотоод үйл ажиллагааны бүхий л хэсгүүдийг  уялдаа холбоотой байлгахад, мөн бүгд нэгэн зорилго руу хүрэхийн төлөө хамтарч ажиллахад оршино.

Дотоод маркетингийг хэрхэн хэрэгжүүлэх вэ

Дотоод маркетингийн сэдвээр олон ном байдаг боловч тэдгээрийг хэрхэн хүлээж авах тал дээрх анхааралтай хандах ёстой. Тэдний олонх нь АНУ, Японоос жишээг авч хэрэглэдэг бөгөөд Apple-ийн жишээг ч ихээр дурддаг. Гэвч соёлын ялгаанаас болж дэлхийн манлайлагч компаниудын жишээг шууд өөрийн байгууллагадаа хуулбарлан хэрэгжүүлэх боломжгүй байх талтай.

Өөрийн байгууллагад тохирсон маркетинг, соёлыг бий болгоход үнэт зүйл, стратегийн зорилтуудаа тодорхойлохоос эхлэх бөгөөд улмаар аль соёл нь байгууллагад хамгийн өндөр бүтээмж, өгөөж, хөгжлийг бий болгож чадах вэ гэдгийг олж, хэвшүүлэх байдаг. Гэхдээ ажлын байран дээр ядаж л дараах зүйлсүүдийг менежерүүд бүрдүүлж, бий болгож өгснөөр ажилтнууд хамтдаа зорилгынхоо төлөө илүү үр дүнтэй ажиллаж чадна.

Маркетингийн менежер, гүйцэтгэх захирал ямар арга  хэмжээнүүдийг авбал зохих вэ?

  • Хэрэглэгч хамгийн чухал нь бөгөөд тэд ажилтнуудын цалин хөлсийг төлдөг гэдгийг ойлгуулах.
  • Ажилтнууддаа зоригтойгоор ажил үүргийг хариуцуулж, тэд ч бас өөрийн оруулсан хвь нэмрээ хараад бахархдаг байх хэрэгтэй.
  • Ажилтнууд өөрсдийн хариуцлагын түвшинтэй уялдсан цалин хөлсийг хүртэж байх ёстой.
  • Компанийн зорилтуудыг бүх түвшинд түгээн дэлгэрүүлэх, ойлгуулах.
  • Ажиллагсад нээлттэй ярилцах, шүүмжлэл хэлэх боломжоор хангах.
  • Ажиллах хүчний бүхий л түвшинд суралцаж хөгжих, албан тушаал ахих боломжийг өгч, хэрхэн дэвших боломжтойг нь ойлгомжтой болгох.