Өнөөдрийн багууд өмнөх үед байсан багуудаас ялгаатай болсон: Тэд илүү олон янзын, биенээсээ хол зайд байрлаж ажилладаг, дижитал харилцаатай, динамик (гишүүнчлэл байнга өөрчлөгдөж байдаг) гэх мэт. Гэсэн хэдий ч багийн хамтын ажиллагааны үндэс суурь нь бүлгийн хамтын ажиллагааны гол суурьтай холбоотой хэвээр байна.

Байгууллагын зан төлвийн судлаач Richard Hackman өөрийн 40 орчим жилийн туршид хийсэн ажиглалт судалгаан дээр үндэслэн үр нөлөөтэй багийг тодорхойлж гаргаж ирсэн байдаг.  Баг үр дүнтэй хамтарч ажиллахад нөлөөлдөг хамгийн чухал зүйлс нь хувь хүмүүсийн ялгаатай зан чанар, хандлага, зан байдал биш гэдгийг тодорхойлсон. Харин багийг үр нөлөөтэй байхад гол түлхэц үзүүлдэг хүчин зүйл нь ингэж үр дүнтэй ажиллах нөхцөл байдлаар хангаж өгөх гэж үзсэн.

Эдгээр нөхцлүүдэд дараах гурван нөхцлийг авч үздэг. Үүнд, Маш тодорхой удирдамж, хүчтэй тогтолцоо, мөн дэмжлэгийн систем зэрэг болно.

Маш тодорхой удирдамж

Бүх агуу багуудын амжилтын гол үндэс  нь гишүүддээ эрч хүч өгдөг, чиглүүлдэг, оролцоогоор хангах байдал байдаг. Хэрэв тэд юуны төлөө ажиллаж байгаагаа мэдэхгүй, тодорхой зорилгогүй бол багийн гишүүд урам зориггүй болно. Багийг сэдэлжүүлэхийн тулд урдаа тавьсан  зорилгууд нь  хүч чадал мэдлэгийг нь сорьсон, хүнд хэцүү байх шаардлагатай, гэхдээ бүр сөхрүүлж унагахаар хүнд байж болохгүй.  Тэдэнд мөн зорилгодоо хүрэхгүй бол, сөрөг үр дагавартай гэдгийг ойлгуулах  ёстой: Энэ нь тэдэнд зорилгодоо хүрэхийн төлөө хичээх сэдлийг өгдөг. Энэ сэдэл нь гадаад сэдлүүд болох урамшуулал цалин, албан тушаал ахих боломж гэх мэт, эсвэл дотоод сэдлүүд болох сэтгэл ханамж, утга учиртай ажил хийж байна гэсэн мэдрэмжийн аль нь ч байж болно.

Хүчтэй тогтолцоо

 Багийг унагах хортой зан байдлууд гишүүдийн дунд гаргахгүй байх үүднээс багийн гишүүдийн тоо, үүрэг даалгаврын хуваарилалт, биеэ авч явах хэм хэмжээ, багийн дүрэм нь зөв байх шаардлагатай.

Өндөр гүйцэтгэлтэй баг нь төрөл бүрийн ур чадвартай хүмүүсийг  тэнцвэртэй байдлаар байлгаж чаддаг. Жишээ нь хүн бүрт дээд зэргийн техникийн болон бусадтай харилцах ур чадвар байх албагүй боловч ерөнхийдөө багт энэ чадвар нийтлэг байх нь чухал.  Мэдлэг, үзэл бодол, хэтийн төлөв, нас, хүйс, арьсны өнгө зэрэг олон талт байдал нь багийн гишүүдийг хэт бүлгийн сэтгэлгээнлд автахгүй бүтээлч байхад тусалдаг.

Дэмжлэгийн систем

 Багийг үр дүнтэй ажиллахад нөлөөлдөг гурав дахь гол хүчин зүйл бол дэмжлэгийн зөв систем юм. Үүнд шагнал урамшууллын тогтолцоо, мэдээлэл ижил түвшинд авах боломжоор хангасан  мэдээллийн систем ба түүнд нэвтрэх эрх, сурч хөгжих боломжтоор хагасан боловсролын систем, мөн ажил хийхэд шаардлагатай материаллаг бааз зэрэг багтана.

Эдгээр зүйлс нь багийн гишүүдийг ямар нэг саадгүйгээр ажилдаа төвлөрч, зорилгынхоо төлөө ажиллахад дэмжлэг болдог.

Эх сурвалж: HBR