Хүмүүс компанийн төлөө биш харин, удирдагчийнхаа төлөө ажилладаг гэдэгтэй та санал нийлэх үү?. Хүмүүс байгууллагыг биш, харин муу удирдагчийг орхиж явдаг гэдгийг ч та сонссон байх. Хэрэв та байгууллагадаа өндөр ур чадвартай ажилтныг татаж, тогтоохыг хүсэж байвал танд бусдыг соронзон мэт татах чанар байх хэрэгтэй.

Соронз мэт бусдыг татдаг манлайлагчид нь өндөр ур чадвартай, авъяастай хүмүүсийг өөртөө татаж, тогтоож чаддаг. Та ийм төрлийн манлайлагчтай ажиллаж үзсэн бол ийм манлайлагчийд ажилтнуудын бүтээмж, хандлага, ажилдаа өөрийгөө зориулах зориулалтыг ямар ихээр нэмэгдүүлдгийг мэднэ. Тэр танд ямар нэг үүрэг даалгавар өгөхөд, та тэр дор нь биелүүлдэг. Та ийм манлайлагчийг хаа явсан газар нь дагаж явахыг хүснэ.

Харамсалтай нь маш цөөн тооны удирдагчид л төрөлхийн ийм соронзон мэт бусдыг татах авъяастай төрсөн байдаг. Харин бусдынх нь хувьд энэ чадварыг өөртөө суулгаж, суралцах боломжтой. Өнөөгийн нөхцөлд, менежерийн байр сууринд байгаа ихэнх хүмүүс удирдлагын талаар маш бага хэмжээтэйгээр суралцсан хүмүүс байгаа нь олон баримтаар харагддаг билээ.

Соронз мэт бусдыг өөртөө татдаг манлайлагчдад байдаг нийтлэг 3 шинж чанар:

БАЙГААГААРАА БАЙДАГ

Бусдыг өөртөө соронз мэт татдаг манлайлагчид өөр хэн нэгний дүрд орох гэж оролдоггүй бөгөөд албан тушаалынхаа бодлогоос болж ч, өөрийгөө өөрчилдөггүй. Тэд өөрөө өөртөө үнэнч хүмүүс бөгөөд бусадтай харилцахдаа ч шударга зарчмыг баримталдаг. Тэд бас өөрсдийн алдаа дутагдал, сул талаа ил гаргахаас айдаггүй.

Тэгэхээр та ийм удирдагч болох эхний алхам нь байгаагаараа, өөртөө бодитоор хандах явдал юм. Үүний тулд зүрх зориг шаардагддаг, гэхдээ үр дүнгээ заавал өгнө.

Бүх зүйлийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хүсэлтэй бай. Таны харж ханддаг, удирддаг хүмүүс танаас үнэнг хүлээж авах эрхтэй хүмүүс. Өөрийнхөө туулсан замналыг ч бас ажилтнуудтайгаа хуваалцах нь тустай байдаг. Бид өндөрлөгт хүрсэн хүмүүсийг харахдаа тэд өмнө нь дандаа өндөрлөг байр сууринд байгаагүй гэдгийг мартаж орхидог. Манлайлагчдын хувьд өөрийн түүхийг хуваалцах нь ажилтнуудтайгаа илүү гүнзгий холбогдож, итгэлцлийн харилцааг бий болгоход чиглүүлдэг.

ЗӨН ХАРАА

Зөн хараа сайтай удирдагчид бол мөрөөдөгчид байдаг бөгөөд бүх зүйл боломжтой гэдгийг хүмүүст ухааруулж, итгүүлж чаддаг. Тэд бусдыг ажлын талбар дээр гарч, хамтдаа нэгэн зүгт харан аялахад нь уриалж сэнхрүүлж чадахуйц тод томруун төсөөлөлтэй байдаг. “Яагаад?” гэж асуухаас илүүтэй “Яагаад болохгүй гэж?” гэж асуудаг.

Та хэр зөн хараатай удирдагч вэ гэдгээ мэдмээр байвал дараах гурван асуултыг өөрөөсөө асуу:

1.    Би өдөр бүрийн ажил үүрэг дээрээ илүү анхаардаг уу, эсхүл урт хугацааны үр дүнд анхаардаг уу?

2.    Би өөрийнхөө ирээдүйн талаар бодохын тулд өдрийн, эсхүл долоо хоногийн хэдэн цагийг зориулдаг вэ?

3.    Харайхан илэрхий болоогүй байгаа ч, байгууллагад нөөц потенциал ихтэй тэр хүн хэн бэ? Тэр хүн нөөц бололцоогоо илүү их ашиглах, гаргах боломжийг нь өгөхийн тулд би хэрхэн туслаж чадах вэ?

Эдгээр асуултанд хариулснаар зөн хараатай удирдагч байхын тулд та аль хэсгээ илүү хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдгээ ойлгоно. Улмаар өөрийн ажлын хуваарь болон багтаа үнэлгээ дүгнэлт өгч, зөв болгохоор төлөвлөнө үү.

ХУВИА ХИЧЭЭХГҮЙ БАЙХ

Манлайлал гэдэг бол үйлчилгээ юм. Үйлчилгээг үзүүлэхийн тулд үргэлж золиос байх ёстой. Соронз мэт бусдыг татдаг манлайлагчид өөрийн хүмүүсийн хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг.

Өөрийгөө биш, харин илүү бусдыг боддог болохын тулд дараах гурван асуултыг өөрөөсөө асууна уу:

1.    Би хүмүүсийн төлөө юу хийж чадах вэ гэдэг дээр үндэслэж хүмүүс намайг дагаж байна уу, эсхүл бид тэдэнд юу учруулж чадах вэ гэдгийн үндсэн дээр хүмүүс намайг дагаж байна уу?

2.    Би авахаасаа илүү өгдөг үү?

3.    Би бусдыг өөрөөсөө илүү чухалчлахын тулд өнөөдөр юу хийсэн бэ?

Хувиа хичээгч биш байхын тулд та сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай болдог. Удирдагч хүний хувьд энэ бол хийхэд хамгийн хэцүү зүйлсийн нэг. Нэр алдар, эрх мэдэлд аль болох хурдан хүрэхийг зорих нь хүний төрөлх зан. Та амьдралынхаа төгсгөлд ямар байдлаар дуурсагдахыг хүсэж байна вэ? Хүмүүст сайн үйлчилж, тэднийг дэмждэг байсан гэдгээр дурсагдахыг хүсэж байна уу, эсхүл солитой, хувиа хичээсэн босс гэдгээр дуурсагдахыг хүсэж байна уу?

Тийм л биш бол хүмүүсийнхээ асуудлууд дээр анхаарлаа хандуул. Тэд итгэл найдвараар бялхаж, мөрөөдлөө биелүүлэхэд нь та хэрхэн тусалж чадах вэ гэж бодож эхлээрэй.

Мэдээллийн эх үүсвэр,

Steppanie Vozza, Fast Company, Roberta Chinsky Matuson, leadership consultant and author of The Magnetic Leader: How Irresistible Leaders Attract Employees, Customers, and Profits