Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах хүсэлтэй хуульч, роман бичих хүсэлтэй апп хөгжүүлэгч, эсвэл дэд бүтцийн дизайнер болохыг мөрөөддөг редактор гэх мэт хүмүүстэй таарах нь ховор үзэгдэл билээ. Магадгүй та ч бас одоо хийж буй ажлаасаа тэс өөр ажил мэргэжлээр ажиллахыг мөрөөддөг байж болно. Гэхдээ амьдралын туршлагаас харахад хүмүүс тэс өөр салбар руу үсрэлт хийх нь ховор байдаг. Учир нь анхнаасаа олж аваагүй ур чадвар, мэдлэгийг маш хурдтай эзэмшиж, улмаар тэр чиглэлээр ажиллах нь зардал ихтэй бөгөөд амжилтанд хүрэх боломж ч харьцангуй бага гэж боддог. Харин үнэндээ энэ бол боломжгүй зүйл биш юм.
Миний өгөх зөвлөгөө нь таныг одооны ажлаасаа (магадгүй та уйдаж эхэлж байгаа) татгалзаж, гарахыг зөвлөхгүй. Харин танд хоёр ажлаа хоёуланг нь сайнаар хийхийг зөвлөнө. Учир нь хүн дор хаяж хоёр карьертай байх нь нэг карьертэй байхаас хавьгүй дээр юм. Хоёр ажил мэргэжлээрээ ажилласнаар хоёуланд нь ашиг тусаа өгөх болно.
Миний хувьд, дөрвөн мэргэжилтэй: Би Fortune 500 компанийн корпорацийн стратегич, АНУ-ын тэнгисийн цэргийн нөөцийн офицер, хэд хэдэн ном зохиогч, дуу бичлэгийн продюсер. Хүмүүсийн хамгийн их асуудаг хоёр асуулт бол “Та хэр их унтдаг вэ?”, “Та үүнийг хийх цаг зав яаж гаргадаг вэ?” (Миний хариулт: “Би хангалттай унтдаг” ба “Би ажлуудаа амжуулах цаг гаргадаг”). Гэхдээ би энэ нийтлэлээр хэрхэн олон ажил амжуулах талаар өгүүлэхгүй. Харин “Яагаад хэд хэдэн өөр мэргэжилтэй байх нь ач холбогдолтой вэ?” гэсэн асуултанд хариулах болно. Энгийнээр бол, олон ажил хийх нь намайг аз жаргалтай болгож, илүү их амжилтанд хүрдэг. Мөн энэ нь надад ажил бүрийг илүү сайн гүйцэтгэхэд тусалдаг.
Чадвараа хөгжүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалт хий
Миний хувьд бүтэн цагийн өдрийн ажил маань намайг хөгжмийн салбарт продюсерээр ажиллаж хөгжим бичихэд санхүүгийн дэмжлэг болдог. Би анх продюсерын хувьд ямар ч туршлагагүй байсны дээр хэн ч миний хөгжим бичиж, бүтээх ажилд зориулж мөнгө төлөхөд бэлэн биш байсан. Мэдээж би мөнгө олохын тулд биш, харин үнэхээр жааз, сонгодог хөгжимд дуртай учраас оройн цагаар сууж ажилладаг байв. Энэ бол миний хүсэл тэмүүлэл байв. Тиймээс би энэ шинэ салбарт туршлага олж авахын тулд сайн дураараа ажилласан. Харин миний өдрийн ажил маань надад цомог гаргах санхүүг олох боломжоор хангаад зогсохгүй, алдартай продюсер болж амжилтанд хүрэх тэр ур чадварыг надад зааж өгсөн. Харин бодит байдал дээр, өндөр эрэлттэй сайн продюсер болохын тулд алсыг хардаг, шаардлагатай боловсон хүчнийг бүрдүүлэх, санхүү мөнгөө босгох, бүтээгдэхүүнээ хэрхэн хүргэх талаар мэддэг хүн байх ёстой. Арав гаруй цомог гаргаж, хэдэн Грэмми хүртсэний дараа дуу бичлэгийн лабель, хөгжимчид тухайн продюсерыг ажилд авах боломжтой байдгийг би олж мэдэв. Харин өдрийн ажил маань надад энэ бүх боломжийг өгсөн.
Хамгийн гол нь өдөржин оффист тэс өөр ажил хийснийхээ дараа, хувцсаа солиод хөгжмийн ард сууж, бусад бүтээлч мэргэжилтнүүдтэй харилцаж,тайзны арын ажилд оролцох нь үнэхээр сэтгэл хөдөлгөм бөгөөд миний стрессийг тайлж, бүтээлч сэтгэлгээг маань хөгжүүлдэг юм.
Өөр өөр салбарт найз нөхөдтэй болох
Уолл Стритт ажиллаж байхад миний мэргэжлийн тойрог нь зөвхөн санхүүгийн үйлчилгээний салбарын бусад мэргэжилтнүүдээр хязгаарлагдаж байсан: Банкирууд, худалдаачид, шинжээчид, эдийн засагчид. Харин миний хөрөнгийн менежментийн үйлчлүүлэгчдийн ихэнх нь өөр зүйлийг хайж байсан. “Өөр өнцгөөс харахыг хүсэж байсан.” Өөрөөр хэлбэл, тэдэнд бүлгийн бодол санаа сонин биш байсан юм.
Жишээлбэл, миний нэг үйлчлүүлэгч Хятадын иргэд хоорондоо юу ярьж байгааг ойлгохыг хүссэн. Би бас номын зохиолч учраас бусад зохиолчидтой танилцсан байсан нь Хятадад гарч буй яриа хэлэлцүүлгийг хянадаг, сэтгүүлд ажилладаг нэгэн найзтайгаа холбоо тогтоов. Улмаар тэрээр тэр хэрэгтэй мэдээллийг миний үйлчлүүлэгчдэд өгч чадснаар манай үйлчлүүлэгч шинэ санаа олж авч чадсан Би худалдаагаа хааж чадсан. Харин миний найз шинэ уншигчтай болсон. Өөр өөр хүрээлэлд орсноор та хэзээ ч уулзахгүй байж болох тийм хүмүүстэй танилцана.
Бодит инновациудыг олж нээ
Та янз бүрийн ажил хийх үед, янз бүрийн шинэ санаанууд хоорондоо хэрхэн холбогдож, уялдаатай байгааг олж харна. Жишээ нь Стив Жобс “Чөлөөт урлаг, хүнлэг байдалтай нэгдэж нэг болсон технологи л зөвхөн бидний сэтгэлийг дуулуулж чадна” гэж хэлсэн байдаг.
Та сониуч зангаа дагавал, шинэ ажил мэргэжилдээ илүү их хүсэл эрмэлзэлтэй болох бөгөөд ингэснээр та амьдралдаа илүү сэтгэл ханамжтай, дүүрэн байдлыг мэдрэх болно. Нэгээс илүү ажил хийснээр та харин ч бүх ажлаа илүү сайн хийж чадна.
Эх сурвалж: Kabir Sehgal, HBR
Сэтгэгдэл үлдээх