БАЙГУУЛЛАГЫН СОЁЛОО ХЭРХЭН ОНОШЛОХ ВЭ?

Байгууллагын соёл нь ажилтныг ажилдаа өөрийгөө бүрэн зориулж, бүтээмжтэй, утга учиртайгаар, аз жаргалтайгаар ажиллах эсхүл, стресс, бухимдал, төөрөгдөл, байнгын зөрчил, маргаан дунд гунигтайгаар ажиллах эсэхийг шийддэг томоохон хүчин зүйл билээ.

Gallup-ын судалгаагаар байгууллагын соёл нь өөрт нь нийцсэн, эрүүл, эерэг соёлтой компаниудад осол эндэгдэл 64 хувиар, ажил таслалт 81хувиар, эргэц 18 хувиар тус тус бага байсан бол ашигт ажиллагаа нь 23 хувиар өндөр гарч байсан байна.

Нөгөө талаар дотоод харилцаа тааруу, маргаан зөрчил тасардаггүй компаниудын хувьд байгууллагын буруу, хортой соёлтой байх нь элбэг байдаг. Баг хооронд, цаашлаад хэлтэс хоорондын уялдаа холбоо, харилцаа тааруу компаниуд дээр буруу шийдвэрүүд ихээр гардаг бөгөөд үүнээс үүдэн хэрэглэгчээ алдах, шилдэг ажилтнуудаа алдах, цаашлаад үйл ажиллагаа доголдох гэх мэт асуудлууд ар араасаа урган гарч ирж байдаг.

Тийм ч учраас компаниуд өөрийн байгууллагын соёлдоо тогтмол оношилгоо, судалгаа хийж, хэмжиж байх нь зөв арга хэмжээг цаг тухайд нь авахад чухал. Кастомер кинг консалтинг компанийн хийсэн судалгаа, ажиглалтаас харахад, зарим компаниуд байгууллагын соёлын оношилгоогоо хийлгэхдээ зорилгоо дутуу тодорхойлсон, тайлан дүгнэлтээ буруу гаргуулсан, цаашлаад тайлан дээрээ үндэслээд ямар арга хэмжээ авах ёстойгоо ойлгохгүй байгаа зэрэг асуудлууд нь Монголын олон компанид ажиглагдаж байна. Иймээс байгууллагын соёлын оношилгоог хийлгэх гэж байгаа бол дараах мэдээллийг уншиж, танилцсаны дараа зөв сонголт хийхийг хүсэж байна.

Байгууллагын соёлыг хэмждэг олон арга аргачлалууд байдаг бөгөөд, компани бүрийн онцлог, хэрэгцээ, зорилгоосоо хамаарч зөв арга, аргачлалаар байгууллагын соёлоо хэмжих нь чухал байдаг бөгөөд компани аль хэсэг дээрээ алдаагаа засаж, сайжруулах ёстойгоо зөв ойлгож, зөв арга хэмжээ авна гэсэн үг юм.  Байгууллагын соёлыг оношилоход  хамгийн түгээмэл хэрэглэгдэг аргачлалуудаас өгүүлье.

Өгөгдөлд тулгуурласан соёлын шинжилгээ:

Байгууллагууд компанийн соёлдоо олон талын дүн шинжилгээ хийх зорилгоор мэдээллийн аналитик хэрэгслийг өргөн ашиглаж байна. Үүнд ажилчдын судалгаа, ажилтнуудын сэтгэл хөдлөлийн дүн шинжилгээ болон өгөгдөл цуглуулах, тайлбарлах бусад тоон аргууд орно.

Шууд санал хүсэлтээ өгөх-Real-time feedback

Компаниуд жилдээ нэг удаа эсхүл 2 удаа ажилтнуудаасаа судалгаа авах байдал аль хэдийнэ ард хоцорчээ. Байгууллагын соёлдоо анхаардаг олон улсын компаниуд ажилтнууддаа аль ч цагт, хэдийд ч байгууллагын соёлын судалгаанд оролцож санал бодлоо илэрхийлэх боломжоор хангаж байна. Үүнд соёлын импульс судалгаа, шуурхай санал хүсэлтийн платформ зэргийг ашиглаж байна.

Олон талт, тэгш байдал, оролцоог хэмжих

Олон байгууллага өөрийн компанийн соёлд олон талт байдал, тэгш байдал, оролцоо хэр байгааг хэмжиж, сайжруулахад илүү их анхаарал хандуулж байна.  Ингэхдээ ажилтан оролцоотой байхад түүнээс хэр их хүчин чармайлт гарч байгаа, цаашлаад мэдрэмжийн цэг бүр дээр ажилтны экспериенс ямар байгааг хэмжиж байна.

Ажилтны мэдрэмжийн цэгүүдийн зураглал:

Ажилтныг ажилд авч угтан авахаас эхлээд  ажлаас гарах хүртэлх бүх замыг зураглаж, байгууллагын соёлд сөргөөр нөлөөлж байгаа цэгүүдийг тодорхойлоход ажилтны мэдрэмжийн зураглал нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг.  Ажилтны мэдрэмжийн зураглал нь ажилтан тухайн компанид ажиллах явцдаа ямар зүйлтэй нүүр тулж, ямар сөрөг болон эерэг туршлага, мэдрэмжүүдийг хүлээн авч байгааг зураглан харуулдаг. Ингэснээр компани байгууллагын соёлынхоо аль хэсэгт сайжруулалтыг хийж, засаж залруулах шаардлагатайг илүү тод харах боломжтой болдог.

Чанарын аргууд

Байгууллагын соёлыг  бүр илүү ойлгох үүднээс  тоон мэдээллээс гадна фокус группын ярилцлага, ганцаарчлан уулзаж ярих зэрэг аргуудыг мөн ашиглаж болно.

Удирдлагын зан байдлын шинжилгээ

Аливаа компанийн удирдлага, түүний биеэ авч яваа байдал, бусадтай харилцах харилцаа, зан байдал нь байгууллагын соёлын хэлбэржилтэд маш том нөлөө үзүүлдэг. Тийм учраас компанийн соёлыг оношлохдоо түүний гол удирдагч, манлайлагч нар нь ажилтнуудтайгаа болон хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцдаг, удирдлага хоорондоо хэрхэн харилцдаг, хэрхэн шийдвэр гаргадаг, байгууллагынхаа үнэт зүйлийг хэрхэн дагаж мөрддөг вэ гэдэг дээр тусгайлан үнэлгээ хийх нь соёлыг илүү ойлгоход тустай байдаг.

Гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг харах

Байгууллагын соёлыг хэмжихдээ доорх хүний нөөцийн  үзүүлэлт тус бүрийг мөн хамтад нь авч үзвэл, оношилгоо  судалгаа бүр илүү өргөн цар хүрээтэй, нарийн нямбай болно.

  • Ажилтны эргэцийн түвшин
  • Ажлын байранд илгээж байгаа анкетын тоо, чанар, таньдаг хүнээр дамжин орж ирэх байдал
  • Ажилтныг тогтоон барих түвшин
  • Бүтээмж
  • Гүйцэтгэлийн хэмжүүрүүд (KPIs)
  • Ажилтны энгэйжмент
  • Инновацилаг байдал

Байгууллагын соёлын оношилгооны хэрэгсэл ашиглах.

Дэлхий дахинд хамгийн түгээмэл хэрэгллэгддэг байгууллагын соёлын оношилгооны  3 хэрэгсэл байдаг бөгөөд эдгээр нь Cameron, Queen-ийн боловсруулсан OCAI аргачлал, Edgar Schein-ийн загвар, мөн Daniel R. Denison-ийн Денисоны аргачлал юм. Эдгээрээс OCAI болон Денисоны аргуудыг хооронд нь харьцуулан бичлээ.  OCAI (Байгууллагын соёлын үнэлгээний хэрэгсэл) болон Денисоны байгууллагын соёлын судалгаа нь байгууллагын соёлыг үнэлэх нэр хүндтэй хэрэгсэл боловч дүн шинжилгээ хийх аргачлал, зорилго нь өөр байдаг. Энэ хоёрын аль нэгийг сонгох нь тухайн байгууллагын онцлог, хэрэгцээ, зорилгоос хамаарна. Компани дахь соёлын ялгааг тодорхойлох үүднээс тэдний давуу талыг харьцуулж үзье.

OCAI (Байгууллагын соёлын үнэлгээний хэрэгсэл):

Давуу тал:

Энгийн байдал: OCAI нь энгийн бөгөөд хэрэглэхэд хялбар байдгаараа алдартай. Энэ нь байгууллагын одоогийн соёл болон бий болгохыг хүсэж байгаа соёлыг хамтад нь харьцуулан харуулдаг бөгөөд соёлын хэлбэрүүдийн ялгаатай байдлыг илүү тодотгож, бизнесийн стратегитай уялдуулан гаргаж ирдгээрээ онцлог байдаг.

Суралцах боломжийг өгдөг: OCAI нь зөвхөн оношилгооны хэрэгсэл төдийгүй сургалтын хэрэгсэл болдог. Оношилгоог матриц хэлбэрээр гаргаж ирснээр ямар ч хүн харахад энгийн ойлгомжтой байгаад зогсохгүй, байгууллагын соёлын талаарх хэлэлцүүлэг хийхэд ашиглах тохиромжтой байдаг.

ДЕНИСОНЫ БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН СУДАЛГАА:

Давуу тал:

Цогц хүрээ: Денисоны загвар нь оролцоо, тууштай байдал, дасан зохицох чадвар, эрхэм зорилго гэсэн дөрвөн үндсэн шинж чанарт үндэслэн соёлыг үнэлдэг. Энэ нь байгууллагын соёлын талаар илүү дэлгэрэнгүй ойлголтыг өгдөг.

Гүйцэтгэлтэй холбож авч үздэг: Денисоны загвар нь ихэвчлэн байгууллагын гүйцэтгэлтэй холбоотой байдаг бөгөөд байгууллагын соёлын элементүүд нь байгууллагын үр ашигтай, бүтээмжтэй ажиллахад хэрхэн нөлөөлж байгааг харахад тусалдаг.

Арга хэмжээ авах шаардлагатай хэсгүүдийг харуулдаг: Судалгааны үр дүн нь соёлыг сайжруулах, стратегийн зорилтуудтай уялдуулах талаар хэрэгжүүлэх боломжтой авах арга хэмжээнүүдийг харуулж өгдөг.

Сул тал:

Нарийн төвөгтэй байдал: Денисоны судалгаа нь илүү нарийвчилсан бөгөөд энгийн хэрэглүүртэй харьцуулахад илүү төвөгтэй байдаг.

Тэгвэл өөрийн байгууллагын соёлыг оношлохдоо хэрхэн сонголт хийх вэ

Зарим байгууллагууд OCAI-ийн өгсөн энгийн бөгөөд хурдан ойлголтыг илүүд үздэг бол зарим нь Денисоны судалгааны иж бүрэн мөн чанар, хэрэгжүүлэх боломжтой ойлголтыг үнэлдэг.

Шинжилгээний гүнзгий байдал: Хэрэв компани соёлын элементүүд болон тэдгээрийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөөллийн талаар илүү гүнзгий дүн шинжилгээ хийхийг хүсч байвал Денисоны судалгаа илүү тохиромжтой байж болно. Харин  байгууллагын соёлын талаар хамт олноороо хэлэлцэх, ажилтнуудыг оролцуулах  бол OCAI  аргачлал нь илүү тохиромжтой байдаг.

Дүгнээ хэлэхэд, байгууллагын зорилго, соёлыг хэр гүнзгий дата мэдээлэлтэйгээр судлах шаардлагатай байгаа вэ гэдгээсээ хамаарч аль нэг аргачлалыг нь сонгох нь зөв байдаг.

Нийтлэл бичсэн:

Байгууллагын соёлын зөвлөх, коуч А. Намуу

Кастомер Кинг Консалтинг

2024-02-01T13:59:13+00:00 Хоёрдугаар сар 1, 2024|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.