ӨЛСГӨЛӨН БАЙХ НЬ БИДНИЙ СОНГОЛТЫГ ӨӨРЧИЛДӨГ

Бид бүгдээрээ л ажил дээрээ очсоны дараа өдрийн цайгаа хүлээж тэсэхгүй, өлссөндөө гэрээсээ авчирсан боорцог, эсвэл цайны газраас авсан амттанаа идэхээр цайны өрөө руу ордог билээ.  Тэгвэл сүүлийн үед хийсэн судалгаагаар, эрдэмтэд хоосон ходоод нь зөвхөн хүний хоол идэх талаар богино хугацааны шийдвэрт нөлөөлөөд зогсохгүй, мөн хоолтой ямар ч холбоогүй зүйл дээр гаргах шийдвэрт ч нөлөөлдөг гэж үзэж байна.

Өлсгөлөн байдал нь бидний сонголтыг өөрчилдөг

Данди их сургуулийн доктор Бенжамин Винсентийн удирдан явуулсан судалгаагаар,  оролцогчдоос өлсөөгүй байх үед нь  хоол хүнс, мөнгө болон бусад шагналуудын талаар асуулт асуусны дараа, хоол идээд цатгалан байх үед нь мөн дээрх асуултуудыг асууж үзсэн байна.  Судалгаагаар, хүмүүс өлсөх үедээ илүү тэвчээргүй болж,  жижиг урамшууллыг сонгож байсан байна. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хоосон ходоод нь тэднийг өлсөөгүй байхдаа хийх байсан сонголтоос тэс өөр сонголтыг хийхэд нөлөөлсөн байна.

Өлсөх нь өөр олон асуудал дагуулдаг

Өлсгөлөн байх нь ажлын байран дээр ч, хүмүүсийн шийдвэрт нөлөөлдөг байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.  Жишээлбэл, та нэг чухал тайланг маш анхааралтай уншиж, судлахын оронд зүгээр л гүйлгээд харж болно. Эсвэл,  та хэн нэгэнтэй уулзаж байхдаа илүү ойр харилцахын оронд, бушуухан уулзалтыг дуусгахын тулд хурдан шуурхай байдлаар харилцахыг сонгож болно.  Тиймээс өглөөний цайгаа уухгүй ажилдаа явах, эсвэл өдрийн хоолны цагаар хоолоо сайн идэхгүй, харин оронд нь ажиллах нь  хүмүүсийн эрч хүч, анхаарал төвлөрөл, бүтээмжид маш их сөргөөр нөлөөлдөг байна.

Хоол хүнс хангалттай идэж, энергийн эх үүсвэрээ авах нь ажил дээрээ илүү урт хугацаанд төвлөрч ажиллахад чухал үүрэгтэй байна.  Үүнтэй холбоотойгоор, хэрэв танай баг хамтаараа шийдэх ёстой чухал асуудал байгаа бол, хамтдаа ямар нэг зүйлийг идэх нь зүгээр нэг найрсаг зан биш харин чухал шийдвэр гаргахад маш эерэг нөлөөтэй гэдгийг санаарай.   Үүнийг байгууллагын соёлтой ч бас холбож болно. Жишээ нь компанийн удирдлага нь цай ууж байгаа, эсвэл ямар нэг хөнгөн зүйл идэж байгаа ажилтныг хараад дургүйцдэг бол, энэ нь сөрөг нөлөөтэй. Тиймээс багаа сайн ажиллуулмаар байвал, цай уух тал дээр тэд ямар нэг дарамтыг мэдрэх ёсгүй.

Судлаачдын тэмдэглэсэн бас нэг зүйл бол,  ажиллах хүчний хувьд орон гэртээ хоол хүнсээр байнгын дутмаг байх байдал нь түгээмэл  байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээллээр, 2018 онд 37.2 сая америк хүн хоол тэжээлийн дутагдалтай гэр бүлд амьдардаг байсан нь идэвхтэй, эрүүл амьдрахын тулд хангалттай хоол хүнсээр хангагддаггүй гэсэн үг юм.  Монгол улсын хувьд 60 аас илүү хүмүүс ядуу амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг. Тэгвэл, танай ажилтнуудын хэдэн хувь нь байнгын өлсгөлөн, хоол  хүнсний дутмаг байдалтайгаар амьдардаг вэ гэдгийг бодож үзээрэй.

Мэдээж ихэнх ажилтнуудын хувьд ядуу зүдүү, өлөн зэлмүүн байгаагаа ил ярихыг хүсдэггүй. Гэхдээ, ажилтан тэвчээргүй байвал, анхаарал нь төвлөрөхгүй байвал,  энэ бас нэг дохио байж болох юм.  Судалгааг өргөнөөр авч үзэхэд хоол хүнс нь зөвхөн амьд үлдэхийн тулд хэрэглэх ёстой хэрэгцээ биш юм. Энэ нь хүмүүсийн сэтгэн бодох чадвар, ажилах чадварт ч нөлөөлдөг.  Тиймээс байгууллагын хүчтэй соёлтой, амжилттай компаниуд ажилтнууддаа үнэгүй цай, жигнэмэг, тэр ч бүү хэл хоол хүнсээр хангадаг нь тэдэнд илүү ухаалаг, бүтээмжтэйгээр ажиллах боломжийг хангадаг.

 

Эх сурвалж: Wanda Thibodeaux

2019-09-24T04:43:32+00:00 Ecдүгээр сар 24, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.