АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ХЭЦҮҮ, ХОРОН ХҮНТЭЙ НҮҮР ТУЛАХ 5 АРГА ЗАМ.

Та хаана ч ажилд орсон, ямар нэг байдлаар танд төвөг учруулах, хэцүү зан авиртай, хорон хүнтэй таарна.  Гэсэн ч,  та анхаарал болгоомжтой л байхгүй бол, тэр хүн таны  ажлын эрч хүч, сэтгэл санааг бүхэлд нь унагаад зогсохгүй, карьерыг тань ч сүйтгэж болзошгүй.

Тэр хүн, үргэлж л таны хийсэн ажилд магтаал сайшаалыг урдуур орж авдаг, эсвэл үргэлж л болохгүй, бүтэхгүй гэж хэлж, хүмүүсийг  доош нь татдаг хүн байж болно.

Хорон, хэцүү хүн, хэрэв та өөрөө л зөвшөөрөөд байвал, таны оюун санааг бүхэлд нь туйлдуулж чадна.  Тэгвэл ийм хүмүүстэй ажиллахдаа ч гэсэн эрч хүчээ хадгалж үлдэх таван стратегийг  зөвлөж байна.

1. Байнга гомдоллох хүслээ дар.

Тухайн хэцүү хүний хийсэн зүйлийг ажлынхаа бусад хүмүүст очоод л шууд, “Нөгөөх чинь хурал дээр …………… гэж хэлсэн гэж боддоо аймар байгаа биз?” гэж хэлэхээс зайлсхий. Үргэлж л болсон явдлыг бусад хүмүүст ярьж, гомдоллох нь эрүүл биш юм. Учир нь гомдол нь таныг сөрөг байдалд гацааж орхидог. Та гомдоллоход хэдий чинээ их цаг хугацаа, эрч хүч зарцуулна, төдий чинээ  тухайн хортой хүнийг өөрийнхөө  ​​амьдралд нөлөөлөх боломжийг өгч байгаа юм.  Тиймээс аль болох эерэг хүмүүстэй, үр дүнтэй байдлаар цагийг өнгөрөөж, тухайн хэцүү хорон хүнээс зайгаа барьж, аль болох харилцахгүй байх нь үр дүнтэй байдаг.

2. Хяналтаа өөртөө ав.

Хамт ажилладаг хэн нэгэн хүн танд өөрийнхөө талаар таагүй мэдрэмжийг төрүүллээ, эсвэл таны нэг өдрийг сүйрүүллээ гэж хаа сайгүй хэлж яриад явах нь та нөхцөл байдлыг хяналтандаа авч чадахгүй байгааг харуулж байгаа юм.

Та хэрхэн бодож, мэдэрч, авирлах нь  таны мэдлийнх. Тиймээс  хэн нэгэн хүний таагүй зан байдал, сөрөг хандлага, эсвэл хортой сонголт нь таныг доош нь татаж, сэтгэл санаанд тань шууд нөлөөлөхийг бүү зөвшөөр.

3. Бусдыг бус өөрийгөө хянах тал дээр анхаарлаа төвлөрүүл.

Таныг байнга зовоож байдаг тэр ажилтан нэг өдөр сайн багийн тоглогч болно, эсвэл хэлтсээ солино гэж найдаж хамаг эрч хүчээ шавхах нь хялбар байдаг. Гэвч өөдрөг хүсэл, таамаглал нь таны үнэт цаг, эрч хүч, оюун санааг юу ч үгүй үрэн таран хийх  болно. Та хамтран ажиллагчаа хянаж чадахгүй. Харин тэдэнд  хэрхэн хариу өгөхөө л хянаж, удирдах боломжтой. Тиймээс эерэг байдлаар ухаалгаар хариу үзүүлэхэд л эрч хүчээ зориул.  Энэ нь магадгүй, та тэр хүнтэй шууд нүүр тулах байж болно. Эсвэл, хэлээ хазаад дуугүй өнгөрөх ч байж болно. Эсвэл, маш ухаалгаар, тухайн хүний тэнэг үйлдлийг зогсоох хариу өгч болно.

4. Шулуухан ярилц.

Хорон, хэцүү хүнтэй нүүр тулж байх үедээ, идэвхгүй байдлыг бүү сонго. Үүний оронд өөрийн хил хязгаарыг тогтоож, түүнийгээ нөгөө хүндээ маш сайн ойлгуул. Мэдээж та тухайн хүний ​​зан чанарыг өөрчлөх боломжгүй боловч, гаргаж байгаа зан авируудыг нь буруу гэдгийг өөрт нь шулуухан хэлж чаддаг байх ёстой.   Жишээ нь таныг хүнтэй юм ярьж байхад, яриаг чинь тасалбал, ” Намайг өөр хүнтэй ярьж байхад битгий дундуур ороод бай. Би эхлээд энэ хүнтэй яриагаа дуусгаадахъя ” гэж хэл. Эсвэл, тэр хүн тан дээр ирээд ямар нэг хов жив ярьж эхэлвэл, “Би хов жив сонирхдоггүй л дээ” гэж хэлээд хязгаарлалт тавих хэрэгтэй.  Үнэндээ, хорон, хэцүү хүмүүс өөрсдөө ч хувийн хил хязгааргүй байдаг учраас, бусад хүмүүс хил хязгаараа тогтоох үед үүнийг таагүйгээр хүлээж авдаг. Гэсэн ч та хил хязгаараа тогтоосоор байвал, тэд аяндаа тантай болгоомжтой харилцаж эхэлнэ.  Энэ нь таныг урт хугацаанд стрессдэхээс хамгаална. Хамгийн гол нь, асуудал үргэлжилсээр байвал ямар хариу өгөхөө бодож бэлэн байх нь чухал.

5. Аливаа хэцүү хүмүүстэй харилцах арга барилыг байнга өөртөө дадлагажуул.

Хорон, хэцүү хүнтэй хамт ажиллах нь  танд ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Тиймээс стресстэй нөхцөл байдалд хүчтэй хэвээр үлдэхийн тулд стрессийг даван туулах дадлыг эзэмших нь чухал юм. Оюун санаа, бие махбоддоо анхаарал тавь. Буруу хоолны зуршилтай, эсхүл хангалттай нойр авч чаддаггүй бол, ийм ажлын орчинд оюун санааны хувьд эрүүл, хүчтэй байх хэцүү. Стрессийн сөрөг үр дагаврыг даван туулахын тулд  дасгал хөдөлгөөн их хий. Талархал, бясалгал гэх мэт олон төрлийн аргуудыг туршиж үзээрэй. Энэ нь танд стрессийг даван туулах эрч хүчийг өгнө. Чөлөөт цагаараа маш их олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, эерэг, эрч хүчтэй хүмүүстэй цагийг ихээр өнгөрөө. Тэгвэл, амьдрал хорон муу хүмүүсээр дүүрэн биш гэдгийг та ойлгоно.

Шаардлагатай тохиолдолд тусламж хүс.

Хэрэв таны ажлын орчинд үргэлж таныг дарамталдаг, стрессдүүлдэг хүмүүс байдаг бол асуудлыг  дараагийн шат руу шилжүүлэх хэрэгтэй. Хэрэв таныг тасралтгүй дарамталж байгаа бол хүний ​​нөөцийн хэлтэсдээ, эсвэл менежертээ асуудлыг ярих нь маш чухал юм. Хэрэв таны стрессийн түвшин ажлаа сайн хийх чадварыг бууруулж, сэтгэлийн шаналлыг нэмэгдүүлж байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйн тусламж аваарай.

Эх сурвалж: Forbes

2019-10-17T19:16:09+00:00 Аравдугаар сар 17, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.