ЦАГ ХУГАЦААГАА ХАМГААЛАХ ХИЛ ХЯЗГААРЫГ ТОГТООХ НЬ

Үдээс хойш нэг цагийн хугацаатай үргэлжлэх ёстой байсан хурал 75 минут үргэлжиллээ. Гэтэл танд илгээх ёстой чухал имэйлүүд байдаг. Үүнийг явуулахын тулд та ажил дээрээ илүү цагаар суух эсвэл, гэртээ хоолоо идсэний дараа ажлаа хийх гэсэн сонголтуудтай тулгарна. Гадна талдаа, та маш соёлтой  байна. Уулзалтуудад оролцож, тухайн  хурлыг удирдаж байгаа ажилтанд хариу өгч, уулзалтанд идэвхтэй оролцоно. Гэвч дотроо, та дургуйцэж байгаа. Учир нь хурлыг удирдаж байгаа хүн таны цаг хугацааны хил хязгаарыг аль хэдийнэ маш томоор зөрчиж орхисон байна.

Бид бүгдээрээ л иймэрхүү нөхцөл байдалтай тулгарсан байдаг бөгөөд  үнэхээр урам хугалмаар байдаг. Ялангуая, таныг яг төлөвлөсөн чухал ажлаа хийх гээд сууж байтал, хамтран ажиллагч хүмүүсээс  хэн нэгэн нь танаас гэнэтийн зүйлийг хүсдэг бөгөөд   энэ нь таныг чухал ажлаа хийхэд маш их саад болдог. Тэр хүсэлтийг нь зөвшөөрч, ажилласнаар та эцэст нь гол ажлаа дуусгахын тулд  илүү цагаар суух, эсвэл гэртээ гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа багасгах ёстой болсон байна.  Тэгвэл ийм нөхцөл байдалд  та юу хийж чадах вэ? Та өөрийнхөө цагийг хамгаалж, бусад хүмүүс ч таны цаг хугацаанд хүндэтгэлтэй ханддаг болохын тулд  яах ёстой вэ? Хэрхэн өөрийн хил хязгаарыг хамтран ажиллагсаддаа зөвөөр ойлгуулах вэ?

Зарим нэг хүмүүс цаг хугацаандаа  хил хязгаар тавих тал дээр үнэхээр чадамгай байдаг. Мэдээж таны ажил, компанийн соёл, хамтран ажиллагсдын соёл, сэтгэлгээ гээд олон зүйл нөлөөлөх боловч, та дараах байдлаар бусдад өөрийнхөө хил хязгаарыг маш сайн ойлгуулж, түүнийгээ хүндлүүлж, хүлээн зөвшөөрүүлэх боломжтой.

Хурал, уулзалтууд

Та хуваарь дээрээ завгүй цагаа блок хийх нь хамгийн чухал эхний алхам юм. Ялангуяа та хүмүүстэй уулзалт хиймээргүй байгаа цагуудаа ингээд блоклож болно. Эдгээр блоклогдсон цагууддаа та хамгийн чухал үүрэг даалгавар дээрээ төвлөрч ажиллаж болно.  Нөгөө талаар та бусад хүмүүстэй уулзалт хийх боломжтой, эсвэл өөр үүрэг даалгавар дээр ажиллах  боломжтой цагуудаа хоосон үлдээх нь чухал. Ингэснээр бусад хүмүүс тухайн цагт тантай уулзаж, танаас ямар нэг зүйлийг хүсэх боломжтой болно.

Зарим тохиолдолд, та чухал ажил дээрээ төвлөрч ажиллах цагийг өөрийн мэдлийн хэмжээнд гаргаж, блоклох боломжгүй  байж болно. Ийм үед, нөхцөлдөө тохируулан ухаалгаар шийдвэрүүдийг гаргаж болно.

Хурлын үргэлжлэх хугацааг удирдах

Төлөвлөсөн цагаасаа хэтэрсэн хурлууд нь хүмүүсийн цагийн хуваарьт маш их сөргөөр нөлөөлдөг. Гурван хурал тооцож байснаас 15-20 минуутаар удаан үргэлжлэхэд л ажлын өдрөөс бүтэн нэг цагийг юу ч үгүй үрэн таран хийдэг. Тиймээс сунжирсан хурлын эсрэг хариу арга хэмжээ авах хэдэн стратегийг өгүүлье.

Нэгдүгээрт, хурал уулзалтын үргэлжлэх хугацааг маш тодорхой байдлаар зааж өгөх. Жишээ нь, 30 минутын хурлын урилгыг хүмүүс руу илгээж байгаа бол, хурлын үеэр ярилцах сэдвүүдээ тодорхой жагсааж, бэлтгэл ажил, тавих асуултууд гэх мэт зүйлсийг бичээд илгээвэл хурлыг маш үр дүнтэй болгож чадна.

Хоёрдугаарт, хэд хэдэн хурлуудыг яг зэрэгцүүлж хуваарьт оруулах. Ингэснээр, дараа дараагийн хурлууддаа орохын тулд, хурлаа яг цагтаа дуусгахаас өөр аргагүй болно.

Гуравдугаарт, хурлынхаа яг эхэнд, хурлаа цагтаа дуусгах талаар сануулах. Жишээ нь, “Би яг 2.30 гээд хурлыг дуусгах болно. Тиймээс хамгийн чухал асуудлаа яг цагтаа багтаагаад ярилцах хэрэгтэй байна. ” гэж хэлж болно. Тэгээд хурлын цаг дуусахаас 5-10 минутын өмнө  “Хурал дуусахад 10 минут үлдлээ. Тэгэхээр хурал дуусахаас өмнө хэлж ярих өөр чухал зүйл байна уу?” гэж асууж болно.

Ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх

Ямар нэг саад, нөлөөгүйгээр ажилдаа төвлөрч ажиллах нь олон хүмүүсийн хувьд асуудалтай байдаг. Тиймээс таныг чухал ажил дээр төвлөрч байхад, хэн нэг нь саад болохгүй байхад та хил хязаарыг тогтоож ажиллах нь чухал юм. Хамгийн эхний хамгаалалт бол, та хуваарь дээрээ завгүй гэж тэмдэглэх юм.  Зарим хүмүүс долоо хоног бүрийн хоёр өдрийн өглөөний 9-11 цагийг завгүй гэж тэмдэглэдэг. Зарим нэг хүмүүс хэрэгтэй өдрүүддээ цагаа блоколдог. Таны хувьд аль нь хамгийн тустай, ач холбогдолтой байна, түүнчлэн сонгож блоклож болно.

Хэрэв ажилтнууд таны хамгийн завгүй, төвлөрч ажиллах цагаар тантай уулзах гэж оролдвол, эсвэл, ширээний чинь хажууд ирчээд яриа өдөөд байвал, тэдэнд дараа өөр цагт ирэхийг сануул. Тэр ч бүү хэл, энэ үед та бодитоор хаалтуудыг хийж болно. Хаалгатай бол, хаалгаа хаа. Хэдхэн цаг та маш их төвлөрч, ажлаа амжуулах нь байнга бусдад боломжтой байснаас хамаагүй илүү бүтээмжтэй байж чаддаг. Хэрэв танд хаалга байхгүй бол, өөр хаа нэг тийшээ явж, нуугдаж болно. Хурлын өрөө, өөр оффис, эсвэл бүр кофе шопт очоод ч тайван, төвлөрч ажиллаж болно. Хамгийн завгүй үедээ, бусдын нүднээс хол байх нь хамгийн үр дүнтэй арга юм. Энэ бол өөрийн хил хязгаарыг тодорхой илэрхийлэх арга зам юм.

Дээрх зөвлөмжүүд нь таныг цаг хугацаагаа хяналтандаа байлгахад туслах боловч, өөр  нэг саад тотгор нь утсаар, онлайн чатаар, имэйлээр, эсвэл биечлэн ирж буй харилцаанууд байдаг. Ялангуяа, хүмүүсийн харилцааны янз бүрийн хэв маяг, дууны өнгө нь танд маш их саад үзүүлж болдог. Тиймээс  эдгээрийг хяналтандаа байлгаснаар нөлөөнд нь бага өртөх боломжтой.

Жишээлбэл, та хүмүүстэй харилцахдаа имэйлээр харилцахыг илүүд үздэг бол, түүнийгээ хэлж ойлгуулж болно. Хэрэв тантай шууд утсаар ярих гэж оролдвол, утсаар хариулахын оронд, имэйлээр, хариу өгч болно.  Гэсэн ч, заримдаа хүмүүсээс гэнэтийн харилцаанууд ирсэсэр байдаг.  Жишээ нь яг унтах гэж байхад мессеж ирэх, эсвэл амралтын өдрүүдээр чухал имэйл ирэх гэх мэт. Ийм үед, дараа өглөө нь хариулж, мөн имэйлээ ч ажлын өдрүүдэд илгээснээр өөрийнхөө хил хязгаарыг ойлгуулж чадах юм. Зарим үед, шулуухан хэлсэн нь үр дүнтэй байдаг. Энэ удаа, би тан руу хариу бичиж байгаа боловч, ер нь бол би ажлын өдрүүдэд л хариу өгдөг шүү гэх мэт.

Таныг болон бусдыг илүү бүтээмжтэй, стрессгүй ажиллахад туслах олон хил хязгааруудыг та ажлын байран дээрээ тогтоож болно. Бусад хил хязгааруудын талаар манай БАГИЙН ҮР НӨЛӨӨТЭЙ ХАРИЛЦАА сургалтаас дэлгэрэнгүй суралцах боломжтой.

 

2019-12-16T08:20:51+00:00 Арван хоёрдугаар сарын 16, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.