1980-аад оны үед Германы онолын сэтгэл судлаач Dietrich Dorner сайн шийдвэр гаргадаг хүмүүс ба муу шийдвэр гаргадаг хүмүүсийн хоорондын ялгааг харуулах зорилгоор олон сонирхолтой туршилтуудыг явуулжээ.
Эдгээр туршилтуудын явцад Dorner муу шийдвэр гаргагчид байдаг хэд хэдэн нийтлэг шинж чанаруудыг олж мэдсэн. Ийм хүмүүс нь аливаа асуудлыг олон талаас нь цогцоор нь харахаас илүүтэйгээр асуудлын зөвхөн нэг тал дээр төвлөрдөг гэсэн байна. Тэд бас нэг асуудлаас нөгөө рүү үсэрч, яг л гал гарч байгаа олон хэсгүүд руу ус цацаж байгаа ч, алиныг нь ч унтрааж чадахгүй байгаа хүн шиг асуудалд ханддаг гэжээ. Муу шийдвэр гаргагчид өөрийн үйлдлийнхээ шууд бус үр дагаврыг урьдчилан таамаглаж чаддаггүй аж. Dorner мөн аливаа асуудалд сайн шийдвэр гаргадаг хүмүүст байдаг нийтлэг шинж чанаруудыг олж тодорхойлсон байдаг. Тийм хүмүүс асуудлыг томоор нь харж чаддаг бөгөөд аливаа асуудалд тодорхой арга барилаар ханддаг байсан бөгөөд хамгийн оновчтой арга замыг олох хүртэл олон янзын аргуудыг туршиж үздэг гэжээ. Гэхдээ хүнд аливаа асуудалд хамгийн сайнаар шийдвэр гаргахад нь тусалсан нэг чухал зүйл бол “Яагаад?” гэдэг асуулт байсныг тэр олж мэдсэн.
Dorner өөрийн бичсэн “Логикийн алдаа” номондоо ингэж өгүүлжээ.
… сайн оролцогчид “Юу” гэдэг асуултаас илүү “Яагаад” гэдэг асуултыг илүү олон удаа асууж байв. Тэд аливаа үйл явдлуудын хоорондох энгийн холбоосыг илүү их сонирхож байсан … Харин тааруухан (муу шийдвэр гаргагчид) оролцогчид нь эсрэгээрээ, аливаа үйл явдалд зөвхөн түүний гадна харагдах байдлаар нь хандаж, үйл явдлууд нь хоорондоо холбоогүй гэж үзэх хандлагатай байв. Сайн оролцогчид муу оролцогдоос илүү аливаа асуудалд гүн гүнзгий дүн шинжилгээ хийж байв.
Dorner бол “Яагаад?” гэдэг асуултын хүчийг үнэлж чадсан анхны хүн биш байв. Тоёота компанийн үүсгэн байгуулагч Sakichi Тoyoda “Яагаад?” гэдэг асуултыг таван удаа асуувал ямар ч асуудлын үндсэн учир шалтгааныг мэдэх боломжтой гэж итгэж байсан. 1950-иад онд энэхүү гайхалтай энгийн аргачлалыг түүний чанарын багийн домогт ажилтан Тaiichi Ohno Тоёотагийн үйлдвэрлэлийн системийн нэг хэсэг болгосон. Toyoda-гийн ТАВАН ЯАГААД аргачлал бол хамгийн энгийн хэрнээ хамгийн хүчирхэг хэрэгсэл юм. 30 минутын дотор та ямар ч асуудлын үндэс суурийг олж мэдэх боломжийг энэ аргачлал танд олгоно. “Яагаад” гэдэг үг нь Англи хэл дээрх хамгийн хүчирхэг үгсийн нэг юм. Та ямар нэг асуудалтай нүүр тулсан бол, удирдагч хүний хувьд тавих ёстой хамгийн эхний асуулт нь “Яагаад?” байх ёстой. Та тухайн асуудлын үндсэн учир шалтгааныг олж мэдэх хүртлээ “Яагаад?” гэж асуусаар байгаарай. Учир нь асуудлын үндэс шалтгааныг олох нь асуудлыг зөвөөр шийдэх цорын ганц арга зам юм.
Сэтгэгдэл үлдээх