Сэтгэлийн хат нь хүнд урьдаа тавьсан том зорилгодоо хүрэх, мөн хүнд хэцүү бэрхшээлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ямар ч агуу зүйл, бэрхшээл сорилтыг давалгүйгээр бий болдоггүй. Тав тухтай бүсэд ямар ч гайхамшигтай зүйл тохиолддоггүй. Албан тушаал дэвшихэд, асуудалтай байгаа гэр бүлийн харилцаагаа аврахад, спортод амжилт гаргахад, хүнд байгаа бизнесээ аврахад, хайртай нэгнээ алдсанаас үүдэн сэтгэл гутралтайгаа тэмцэхэд, хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэхэд гэх мэт бүх зүйлд ямар нэг байдлаар зовлон сорилтууд дагалдаж байдаг. Тийм ч учраас бидний хайртай зүйлс, мөн илүү их хичээл зүтгэл гаргаж олж авсан бүхэн сэтгэлд маань баяр баясал, сэтгэл хангалуун байдлыг авчирдаг.
Хатуужил, уян хатан чанарыг сэтгэл зүйн шинжлэх ухаан өргөн хүрээнд судалсан боловч, энэ нь сэтгэлийн хатыг хувь хүн өөртөө хөгжүүлэх вэ гэдэгтэй холбоотой байдаг учраас, үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа. Тэгвэл хүн өөртөө хэрхэн уян хатан чанарыг бий болгодог вэ? Зарим хүмүүс бусдаасаа илүү их уян хатан байдаг. Бид сэтгэлийн хатаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? Энэ зүйл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аяндаа бий болдог зүйл үү, эсвэл бид өөрийн оюун ухааныг үүнд сургах ёстой юу? Тэгвэл уян хатан чанар нь өөрөө яг л булчинтай адил байдаг байна. Энэ зүйлд маш их анхаарлаа хандуулж, өөрийгөө зориулж, зарим нэг зуршлуудтай хослуулснаар бид оюун санаа, сэтгэлийн хат, уян хатан чанараа хүчирхэгжүүлж чадна. Ингэсэнээр та замд таарах ямар ч саад бэрхшээлийг даван туулж чадна.
Сэтгэлийн хатаа сайжруулахад туслах олон зуршлуудыг та өөртөө бий болгож болно. Тэр ч бүү хэл, ихэнх сэтгэлийн хаттай хүмүүст байдаг нэг чанар нь тэдний өдөр тутам хийдэг зуршлууд ба стратегиуд байдаг.
Тэдэнд байдаг 13 зуршлыг харцгаая.
- Сайн сорилт бэрхшээлд дуртай: Сэтгэлийн хаттай хүмүүс аливаа саад бэрхшээлийг сорилт гэж хардаг болохоос аймшигт үйл явдал, таагүй тохиолдол гэж хардаггүй. Тэд өөрийн алдаа, уналтыг харахдаа түүнээс суралцах боломж гэж хардаг. Тийм ч учраас тэд ихэнх хүмүүстэй харьцуулахад саад бэрхшээлийг хараад зугтдаггүй харин нүүр тулдаг.
- Зориулалт: Сэтгэлийн хаттай хүмүүс урдаа тавьсан зорилго болон амьдралдаа өөрийгөө бүрэн зориулдаг. Тэдэнд өглөө бүр эрт сэрэх маш хүчтэй учир шалтгаан байдаг. Тэдний зорилготой нийцээгүй аливаа боломжуудыг авахын тулд тэд замаасаа хазайж, анхаарлаа сарниулдаггүй.
- Өөрийн хянаж чадах зүйл дээр л анхаарлаа хандуулдаг: Сэтгэлийн хаттай хүмүүс өөрийн хянаж чадах нөхцөл байдал, үйл явдалд л анхаарлаа хандуулж, цагаа зориулдаг. Өөрийн хамгийн их нөлөөлж чадах зүйл дээр л эрч хүчээ зориулдаг учраас тэд өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй байж чаддаг.
- Зовлон бэрхшээл дунд ч цойлдог: Сэтгэлийн хаттай хүмүүс зовлон бэрхшээлийг сайтар удирдан чиглүүлээд зогсохгүй, тэд ийм үед ч амжилтанд хүрч бусдаасаа цойлж гарч ирж чаддаг. Тэд харин ч тав тухтай орчинд байхдаа тав тухгүй байдаг. Тэд тогтворгүй байдал, тодорхойгүй байдал, өвдөлд зовиурыг эрч хүч болгон хувиргаж чаддаг.
- EQ- өндөртэй: Сэтгэлийн хаттай хүмүүсийн хувьд сэтгэлийн чадамж нь тэдний үндсэн суурь чадвар байдаг. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ойлгож, улмаар тэдгээрийг удирдан чиглүүлэх чадваргүйгээр сэтгэлийн хаттай байх боломжгүй. Таны сэтгэлийн хатыг шалгадаг гол мөчүүд нь үнэндээ таны сэтгэлийн чадамжийг шалгасан мөчүүд байдаг.
- Өөртөө итгэх итгэл нь бодит. Судалгаанаас харахад өөртөө итгэлтэй хүмүүс илүү их зорилгодоо хүрч, илүү өндөр орлого олж, мөн илүү хурдан албан тушаал дэвшдэг. Хуурамчаар өөртөө итгэлтэй байдлыг харуулах гэж оролдож байгаа хүмүүсийн дэргэд тэд эрс ялгардаг. Сэтгэлийн хаттай хүмүүс ямар ч бэрхшээл, сорилтуудыг үл тоон урагшилсаар байдаг.
- Өөрчлөлтийг хурдан хүлээж авдаг. Удирдлагын байр сууринд байгаа сэтгэлийн хаттай хүмүүс маш уян хатан бөгөөд байнга аливаа нөхцөл байдалд дасан зохицож байдаг. Өөрчлөлтөөс айх айдас нь нөхцөл байдлыг доройтуулж, тэдний амжилтын хамгийн гол дайсан гэдгийг мэддэг.
- Айдас нь зөвхөн харууслыг авчирна гэдгийг мэддэг. Цэрэгт татагдсан хүмүүс ихэвчлэн айснаасаа болж зовдог байна. Өвдөхөөс айх, өлсөхөөс айх, бэлтгэл хийхээс айх гэх мэт айдсууд нь хүнд маш их сэтгэлийн түгшүүрийг бий болгодог. Хүмүүс ихэвчлэн бүтэлгүйтэхээс, үхэхээс айдаг. Тэгтэл үхэл нь өөрөө хүнд тохиолдож болох хамгийн муу зүйл биш. Харин амьд сэрүүн байхдаа ч дотроо үхсэн юм шиг амьдрахыг зөвшөөрөх нь хамгийн гутамшигтай зүйл юм.
- Уналтыг аялалд хэрэглэх шатахуун гэж хардаг. Сэтгэлийн хаттай хүмүүс амжилтанд хүрэх замнал нь маш олон жижиг уналтуудаар дүүрэн байдаг гэдгийг мэддэг.
- Өнгөрсөн алдаанаасаа суралц, харин өнгөрсөндөө бүү амьдар. Бид урдаа янз бүрийн зорилго тавьж явдаг бөгөөд зорилго өөд явж байхдаа юу амжилттай болсон, мөн юун дээр бүтэлгүйтсэн бэ гэдгээ дүгнэх нь чухал байдаг. Харин амжилтаа илүү их харж, дүгнэх нь юун дээрээ алдсан бэ гэдгийг харахаас илүү чухал байдаг.
- Бие болон оюун санааныхаа сайн сайхан байдалд анхаарах. Бие махбодь болон оюун санааны сайхан байдал хоёрын аль аль нь тав тухтай амьдрахаас ч илүү чухал. Сэтгэл санааны хаттай болоход дасгал хөдөлгөөн маш чухал үүрэгтэй.
- Бусдын санал шүүмжийг сонсох дуртай. Энэ бол өөрийгөө таньж мэдэх гэсэн сэтгэлийн чадамжтай холбоотой. Уян хатан хүмүүс тэдэнд бүх асуудлын хариулт байхгүй гэдгийг мэддэг бөгөөд даруу байж, бусад хүмүүсээс өөрийнхөө талаар санал шүүмжийг нээлттэй сонсдог. Тэд байнга өөрийгөө хөгжүүлж, сайжруулахад анхаардаг.
- Өөрийг нь үзэн ядагч хүмүүсээс болж, сэтгэл санаагаа унагахыг зөвшөөрдөггүй. Хорон муу санаатай, худалч хуурамч хүмүүстэй бид хаа сайгүй таарах болно гэдгийг сэтгэлийн хаттай хүмүүс мэддэг. Тийм ч учраас тэд тийм хүмүүстэй аль болох бага цагийг өнгөрүүлдэг.
Эх сурвалж: Forbes.com
Сэтгэгдэл үлдээх