САЙН ДУРААР ДЭМЖЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ НЬ ТИЙМ Ч ҮР ДҮНТЭЙ БАЙДАГГҮЙ.

Мичиганы Их Сургуулийн судлаачид  гуйгаагүй байхад цуг ажилдаг нэгэндээ тусламж дэмжлэг үзүүлэх нь ямар үр нөлөөтэй болохыг 300 орчим хүн дээр судалж үзсэн бөгөөд судалгааны дүнд  тусламж, зөвлөгөө  хүлээн авсан хүмүүсийн ихэнх нь тийм ч таатай хариу үзүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, өөрийн санаачлагаар  тусламж дэмжлэг  үзүүлсэн хүмүүс эргээд ямар ч талархал хүлээж аваагүй аж.  Харин ч, эсрэгээрээ тусламж, дэмжлэг авсан талын ажилдаа хандах хандлага зориулалт, идэвх нь тухайн агшинд буурч байгаа дүр зураг ажиглагджээ.

Профессор Johnson өөрийн хийсэн судалгаагаа дүгнэн,  хүмүүст нэг нэгэндээ туслаж, дэмжлэг үзүүлэх тал дээр болгоомжтой хандахыг зөвлөсөн байна.  Харин амьдрал дээр бидэнд ихэвчлэн санаачилгатай байж хамтран ажиллагсаддаа туслах хэрэгтэй гэж заадаг. Гэсэн ч, хамтран ажиллагсад нь хүсээгүй байхад  сайн дураар зөвлөж, тусламж үзүүлэх нь тийм ч сайн  үр дүнгүй бөгөөд  сэтгэл зүйн хувьд ч сайхан  мэдрэмжийг төрүүлдэггүй байна. Харин ч гуйгаагүй байхад сайн дураар зөвлөгөө өгч, тусламж үзүүлсэн хүн нь өөрөө ч урамгүй, идэвхгүй, хамтач бус болох нь элбэг байдаг байна.

Үүнд хэд хэдэн учир шалтгаан байдаг. Магадгүй тусламж санал болгож байгаа хүн тухайн хүний асуудлыг гаднаас нь хараад бүрэн дүүрэн ойлгоогүй байж болно. Тийм учраас яг тэр хүнд хэрэгцээтэй тусламжийг өгнө гэсэн баталгаа байхгүй. Хоёрдугаарт, тухайн хүн өөрөө асуудлыг шийдэж, магадгүй алдсан ч түүнээсээ суралцахыг илүүд үзэж байсан байж болно. Тиймээс, хэн нэгэн хүн өөрөө тусламж гуйгаагүй, асуугаагүй байхад нь та дайрч ороод шууд зөвлөгөө өгч, тусламж үзүүлэх нь хувь хүний эрх дарх руу халдаж байгаа юм шиг, мөн өөртөө итгэх итгэлийг нь сулруулж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг учраас тусламж, зөвлөгөө хүлээн авсан хүнд талархах, баярлах сэтгэл нь үгүй болдог байна.

Тэгвэл танд үнэхээр  хамт ажилладаг хэн нэгэнд тусламж  хэрэгтэй байгаа юм шиг санагдвал яах ёстой вэ? “Тусламж хэрэгтэй юу?” гэж асуух хэрэгтэй. Тэгээд хамтран ажиллагч тань “тийм эсвэл үгүй” гэж хэлэхийг нь хүлээгээрэй. Мэдээж ингэж асуухдаа дууны өнгө, биеийн хэлэмж ч маш чухал байдаг. Хэрэв тэр хүн зөвшөөрвөл болохгүй зүйл байхгүй. Харин үгүй гэж хариулсан бол, эсвэл биеийн хэлэмжээрээ дургүй байгаагаа илэрхийлсэн бол, та ямар нэг алхмыг хийх хэрэггүй гэдгийг зөвлөж байна.

Эх сурвалж: HBR

2019-02-28T09:19:43+00:00 Хоёрдугаар сар 28, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.