СУРГАЛТЫН ҮЕЭР ХЭРХЭН ХҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ СУРГАЛТАНД НЬ БҮРЭН ТӨВЛӨРҮҮЛЭХ ВЭ?

Талент Хөгжлийн Нийгэмлэгийн судалгаагаар АНУ-ын компаниуд ажилтнуудынхаа сургалт, хөгжилд зориулж жилд 160 тэрбум ам долларыг зарцуулдаг байна. Үүнд захиалгат сургалтууд, сургалтын тоног төхөөрөмж зэргийн зардлууд орсон байна. Гэтэл ингэж их мөнгийг сургалтанд зориулсан хэрнээ маш бага цагийг, мөн маш бага мөнгийг тухайн сургалтанд оролцож байгаа ажилтнуудынхаа оюун санааг бэлтгэхэд зарцуулсан байдаг байна.  Өөрөөр хэлбэл, сургалтанд оролцогчдын оюун санаа сургалтан дээр “тухайн цаг мөчид” анхаарлаа бүрэн хандуулахад бэлэн биш байвал, энэ их хөрөнгө оруулалтыг сургалтанд оруулсны үр өгөөжийг бүрэн авч чадахгүй юм.

Олон хүмүүс сургалтанд суух үедээ, тархиа ямар ч зайгүй болтол нь янз бүрийн зүйлсээр дүүргэсэн байдалтайгаар суудаг.  Өөрөөр хэлбэл, тархи нь шинэ мэдээлэл хүлээж авах, шинэ зүйл сурах ямар ч орон зайгүй болсон байдаг. Тийм учраас сургалтын бүхий л мэргэжилтнүүд болон суралцагчид сургалтын өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оролцогчдын тархийг сургалтын үеэр бүрэн анхаарлаа хандуулах тал дээр анхаарах ёстой.

Үүнийг хэрхэн хийх вэ? Анхаарал төвлөрүүлэх дасгал  хийх. Энэ дасгал нь тархины танин мэдэхгүйн чадвар, анхаарал хандуулах, ой санамж, гүйцэтгэх чадваруудыг сайжруулдаг. Учир нь тархины эдгээр хэсгүүд нь хүний суралцах үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Анхаарлаа удирдах чадвар нь анхаарал төвлөрөлд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг.  Энэ дасгалыг хэрхэн хийх вэ?

Суралцах таатай орчныг бий болгох. Сургалтын таатай орчинд бид нар төдийлэн анхаараад байдаггүй. Сургалтын орчин нь чимээ шуугиангүй, хангалттай зайтай,  нарны гэрэл сайн тусахуйц том цонхтой, мөн анхаарал төвлөрөх, бодон тунгаах боломжийг хангасан булан, хэсгүүдтэй байвал их тухтай байдаг. Тэр ч бүү хэл, завсарлагааны цай, хоол нь хүртэл тархины үйл ажиллагаа, эрч хүчийг сэргээх шим тэжээл сайтай ногоо, үр тархиа, самар, ислэг ихтэй жимс зэрэг байх нь зохимжтой байдаг. Харин сахар агуулсан бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх нь зөв.

 

Анхаарал сарниулж болох бүхий л зүйлсийг арилгаж, багасгах. Судалгаанаас харахад, хүмүүсийн анхаарал нэг сарничихвал, эргээд тухайн зүйл дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлэхэд 30 хүртэлх минут шаардагддаг гэдгийг баталсан.  Ялангуяа, нарийн төвөгтэй зүйлийг шинээр сурах үйл явц нь тархийг маш их ядраадаг. Тиймээс сургалтанд оролцогчдыг аль болох гар утас, ipad гэх мэт зүйлсээ унтраахыг зааварчлах хэрэгтэй. Мөн нэг танхимд хэт олон суралцагчид байх үед, хүмүүсийн анхаарал сарниж утсаа оролцох, мессеж бичих гэх мэт зүйлсийг хийх сэдлийг төрүүлдэг. Сахилга баттай байхын чухлыг сургалтанд оролцож байгаа хүмүүст онцлон хэлэх хэрэгтэй.

Сургалтын шинэ хэсэг руу орохын өмнө  хоёр минутын анхаарал төвлөрүүлэх дасгал хий. Анхаарал төвлөрүүлэх дасгалыг сургалтуудын завсраар хийх нь оролцогчид тархиа дахин шинж зүйл хүлээж авахад сэргээж, бэлтгэх боломжийг өгдөг. Энэ дасгалыг хэрхэн хийх вэ? Нүдээ аниад, хоёр минутын турш хөдөлгөөнгүй сууж, оюун санаа болон бие мах бодио тайвшруулж, амьсгал авахдаа амьсгал дээрээ төвлөрөн, аливаа саад тотгоруудыг өөрөөсөө холдуулна. Mindfulness гэсэн аппийг ашиглаж энэ дасгалыг хийж туршиж болно.

Үр дүнтэй завсарлага авах. Оролцогчид сургалтын завсарлагааны үеэр юу хийдэг талаар бодох хэрэгтэй. Олон хүмүүс ажлын имэйл, эсвэл өөр бусад ажлуудаа утсаараа шалгахад завсарлагын цагийг ашигладаг. Энэ нь суралцах үйл явцад дараах хоёр байдлаар маш их сөрөг нөлөөтэй байдаг. Нэгдүгээрт, энэ нь сургалтаар хүлээж авсан мэдээлэлийг оюун ухаандаа  гүйцэд оруулж, шингээх боломжийг олгодоггүй. Өөрөөр хэлбэл, хүний тархийг хүлээж авсан мэдээллийг богино хугацааны санах ойноос урт хугацааны санах ой руу шилжүүлэхэд нь саад болдог . Хоёрдугаарт, энэ нь  анхаарлыг илүү их сарниулдаг. Тийм учраас оролцогчдод аль болох сургалтын аль ч цагт утасаа шалгахгүй байхад нь тусал. Мөн завсарлагааны үеэр гадаа гарч цэвэр агаар амьсгалах, тэмдэглэл хөтлөх, эсвэл хамтрагчтайгаа сурсан зүйлийнхээ талаар ярилцах зэргээр ажлаасаа бусад зүйлийг хийхийг зөвлөөрэй. Ингэвэл сургалтын үйл явц амжилттай болж чадна.

Эх сурвалж: HBR

2019-03-13T03:21:34+00:00 Гуравдугаар сар 13, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.