БАЙГУУЛЛАГЫН ХОРТОЙ СОЁЛЫН ҮР ДАГАВАР

Соёл бол хүний оюун бодол, зан авирыг чиглүүлж байдаг гайхалтай том хүч юм. Соёл бидэнд юу нь зөв, зүйтэй, юу нь буруу, бузар болохыг хэлж зааж өгдөг. Өөрөөр хэлбэл соёл бидэнд аливаа зүйлийг үйлдэх хил хязгаарын шугамыг маш тодорхой татаж өгдөг. Цаашлаад биднийг  зөв, зохистой зүйлийг бодож, ярьж, үйлдэж байхад чиглүүлдэг.

Тэгвэл байгууллагын соёл нь зөв, эсвэл буруу, бүр цаашлаад угжирсан, хортой  эсэхээс хамааран тухайн байгууллагын амжилт, ажилтнуудын ажилдаа хандах хандлага, үйлдэл, шийдвэр гаргалт, харилцаа гэх мэт бүхий л зүйлд  тусгалаа олж байдаг.

Хамгийн хачирхалтай нь, мэлхий анх хүйтэн бүлээн усанд орж, улмаар усны дулааныг нэмэгдүүлэхэд түүнийг анзаарахгүй дассаар байгаад нэг л мэдэхэд буцалж, хоол болдог шиг, хүмүүс заримдаа өөрийн байгууллагын соёлдоо дасан дассаар нэг л мэдэхэд сүйрлийн ирмэг дээр ирснээ ухаарна. Зарим нь бүр ухаарч ч амжихгүй явсаар нэг л мэдэхэд хортой соёлын золиос болдог нь харамсалтай.

Тэгвэл та өөрийн байгууллагын соёлыг хортой, эсвэл эрүүл байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Байгууллагын соёлыг оношилдог тусгай хэрэгсэл байдаг боловч, дараах шинж тэмдгүүд танай байгууллагад хэр их байгаа эсэхийг анзаарч болно. Үүнээс  ганц нэг шинж тэмдгүүдийг өгүүлье.

Хүмүүс байгаагаараа байж чадахгүй байх.

Байгууллагын соёл нь хортой, эрүүл бус байгааг илтгэх нэг шинж тэмдэг бол, ажилтнууд байгаагаараа байж чадахгүй, ихэвчлэн дүр исгэх байдал юм. Тэд нэг нэгэнтэйгээ үргэлж болгоомжтой харилцах бөгөөд хэр баргийн хувийн амьдрал, амжилт гэх мэтийн талаар хуваалцахгүй. Учир нь байгаагаараа байж, өөрийнхөө сул болон давуу талыг илчилвэл, хожим нь тэр байдлыг нь хэн нэгэн өөрийнх нь эсрэг ашиглана, эсвэл нэр төрийг нь гутаана гэсэн айдастай байдаг. Ялангуяа, өндөр ур чадвартай, нөөц потенциалтай, мэдлэг боловсрол нь илт давуу хүн өөрийнхөө давуу талыг хэт эрт илчилвэл, сул дорой удирдагч эсвэл өрсөлдөгч нь эртнээс тухайн хүнийг ямар нэг байдлаар хорлох, нэр төрийг нь гутаах гэх мэт өрсөлдөөнийхөө замаас зайлуулах арга хэмжээ авдаг. Тиймээс шинэ ажилтан ажилд орсон эхний өдрөөс л дээд зэргийн сонор сэрэмжтэй, муу санаатай байх шаардлага үүсдэг.

Энэ байдал даамжирвал,  багийн уур амьсгал, шийдвэр гаргалт, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг.

Шударга бус өрсөлдөөн.

Байр суурь, эрх мэдэлд хүрч л байвал, ямар аргаар, яаж хүрэх нь хамаагүй гэсэн итгэл үнэмшил, үйлдлүүд танай байгууллагад зонхилж байна уу? Эсвэл, мэдлэг ур чадвар, туршлага, харилцааны чадвараар илт дутмаг хэн нэгэн зөвхөн тухайн байгууллагад удаан ажилласан гэдэг нэрийдлээр бусад өндөр чадвартай, мэдлэгтэй, нөөц потенциал өндөр хүмүүсээс давуу эрх эдлэн албан тушаалд амархан хүрч байна уу?

Ахлах болон удирдагчийн байр сууринд очих хүмүүст нарийн шалгуур тавьдаггүй, зөвхөн удаан ажилласан, эсвэл удирдлагадаа сайн ханддаг (долигонодог) үндэслэлээр удирдагчдыг томилдог, албан тушаал дэвшүүлдэг тийм соёлтой байгууллагуудад ажлын байрны дарамт шахалт өндөр байдаг. Мөн байгууллага доторх хорт ургамал мэт гүн үндэслэн ургасан, хортой бүлэг фракцууд нь зарим нэг удирдлагынхаа дэмжлэгийг авсан байдаг учраас янз бүрийн хорон муу үйл ажиллагаануудыг ил ба далд байдлаар зоригтой үйлддэг бөгөөд үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Харин ч бүр  байгууллагын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тактик болсон байдаг. Энэ байдлыг зарим нэг хүмүүс анзаарч мэдэрсэн байдаг ч, энэ тал дээр ямар нэг дорвитой зүйл хийж чаддаггүй.

Ийм газар, хүмүүс маш их ядарч цөхөрсөн, сэтгэл дундуур байдаг бөгөөд өвдөх, ажлаа таслах, чөлөө авах байдал давамгайлсан байна. Мөн цаашлаад, ажилтнууд бэлгийн хүчирхийлэлд ил ба далд байдлаар өртөх нь ч элбэг байна.

Ухаалаг, чадварлаг боловсон хүчинд байдаг нэг нийтлэг тал нь тэд аливаа асуудлыг шууд хэлэх, буруушаах зүрх зоригтой байдаг. Харамсалтай нь, энэ үйлдлийнхээ дараа тэд ажлаасаа цэвэрхэн халагддаг бөгөөд, халагдаагүй үлдсэн хэсэг нь ихэвчлэн сайн дураар ажлаасаа гарах шийдвэрийг гаргаснаар байгууллага сул дорой, дундаж гүйцэтгэлтэй, дундаж ур чадвартай, аргацаасан хүмүүсээр дүүрдэг бөгөөд тэдний үйлдлийг өөхшүүлдэг тийм байгууллагын соёл ч давамгайлж эхэлдэг.

Та юу хийж чадах вэ?

Магадгүй та, итгэж болох ганц нэг удирдах түвшний хүмүүстэй уулзаж, энэ талаар ярилцаж болох боловч, хэрэв энэ соёл яг л вирус шиг, байгууллыг бүхэлд нь хэрсэн байвал, энэ зүйл төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй.

Харин хэрэв та өөрийн хэлтэс, газрыг удирддаг бол, та багтаа шинэ соёл, багийн харилцааны дүрмийг бий болгож, эерэг өөрчлөлтийг эхлүүлж чадна.

Гэхдээ хамгийн үр дүнтэй арга бол, байгууллагын удирдах түвшинд байгаа хүмүүс байгууллагаа цаашид ямар соёлтой байлгахыг шийдэж, зоримог өөрчлөлтүүдийг хийж эхлэх юм. Энэ нь мэдээж, эрхэм зүйл, үнэт зүйлсээ тодорхойлохоос эхэлнэ.

Та байгууллагынхаа одоогийн соёлыг оношлуулах, цаашлаад байгууллагын зөв соёлыг хэвшүүлэхийг хүсэж байвал, бидэнтэй холбогдоно уу. contact@customerking.mn. Мөн байгууллагын соёлын сургалтуудаас сонгон авах боломжтой.

 

 

 

 

2019-05-01T09:49:57+00:00 Тавдугаар сар 1, 2019|Категори: Blog|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.