АЛБАН ТУШААЛ ДЭВШҮҮЛЭХ 3 БУРУУ ШАЛТГААН            

  

Супервайзер, ахлах байна гэдэг нь нухацтай ажил бөгөөд баг, байгууллагад үзүүлэх нөлөө нь асар их юм. Тэгвэл удирдагч хүний хувьд таны нөлөөлөл эерэг байна уу, эсвэл сөрөг байна уу гэдгийг хэмжих гол хүчин зүйл нь та хүмүүсийг хэрхэн албан тушаал дэвшүүлж байгаагаар хэмжигдэнэ.

Бусдыг ажилд авах, хөгжүүлэх, удирдан чиглүүлэх, дасгалжуулах, удирдан зохион байгуулах, үнэлэх, албан тушаал дэвшүүлэх зэрэг нь бүгд удирдагч, ахлах хүний ажил юм. Гүйцэтгэлийг удирдах нь удирдагчийн үүрэг юм. Компанийг богино болон урт хугацааны амжилтанд хүргэх нь мөн л удирдагч хүний  ажил юм. Саад бэрхшээлүүдийг арилгаж, нөөц бололцоог нь хангах замаар ажилтнуудад ажлаа хамгийн сайнаар хийх боломжийг хангах нь  мөн л удирдагч хүний үүрэг юм. Тэр дундаа ажилтантайгаа нүүр тулахдаа хамгийн объектив байж, албан тушаал дэвшүүлэхдээ хамгийн хүнлэх байх нь удирдагчийн ажил. Энэ зүйл хялбар биш боловч маш чухал.

Супервайзер байхын тулд үнэхээр их ур  чадвар шаардлагатай.  Сэтгэлийн маш өндөр чадамж, зөрчилдөөнийг удирдах чадвар, харилцааны чадвар, хэлцэл хийх чадвар, манлайлал, шийдвэр гаргах чадвар гээд олон чадварыг шаарддаг. Мөн хамгийн чухал нь маш их зүрх зоригтой байх. Хэрэв та дараах шалтгаануудаар хэн нэгнийг албан тушаал давшүүлж байгаа бол, танд эр зориг дутагдаж байгаа бөгөөд цаашлаад хамгийн чухал чадвар болох манлайлал хамгийн их дутагдаж байгаа гэсэн үг юм.

 

Тэгвэл тэдгээр байж боломгүй шалтгаануудыг харцгаая.

 

УР ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСИЙГ АЛБАН ТУШААЛД ДЭВШҮҮЛЭХ

Ур чадваргүй байдлыг магтаж сайшаах нь хэцүү, бэрхшээлтэй, гүйцэтгэл муутай удирдагчдын ашигладаг муу арга техник юм. Тэд  хүмүүсийг хөгжүүлж, удирдан чиглүүлж, хариуцлагатай байлгах ёстой байтал энэ бүхнийг хийхээс залхуурч, эсвэл үл хүсэж дээрх аргыг хэрэглэдэг.

Уг нь бол, асуудлыг тодорхойлж, нүүр тулахын оронд муу гүйцэтгэлийг нь шагнадаг бол, та удирдагч хүний хувьд үнэхээр уруудаж байгаа хүн байна.

Зөрчилдөөнийг шийдвэрлэж, гүйцэтгэлийг удирдах үүрэгтэй байтал энэ үүргүүдээсээ зайлсхийж, өөр хүн руу шилжүүлж байгаа бол та мөн л уруудаж байна гэсэн үг.

Ур чадваргүй хүнийг албан тушаал дэвшүүлж, муу гүйцэтгэлийг шагнах нь удирдагч хүнд зүрх зориг дутагдаж байгааг харуулах бөгөөд түүний гүйцэтгэлд бүхэлд нь сөргөөр нөлөөлж, ажилтнуудыг ёс зүйн доройтолд оруулж байдаг. Илт ур чадваргүй, чадамжгүй, сэтгэлгүй хүнийг албан тушаал дэвшүүлэх нь өндөр гүйцэтгэлтэй, чадварлаг, сэтгэлтэй ажилтнуудыг сэтгэлээр унагадаг бөгөөд ажилдаа ямар ч зориулалтгүй болгож орхидог. Удирдагч асуудлаа хялбараар шийдэх гэсэн биш, харин ч өөртөө асуудлуудыг нэмдэг. Цаашлаад сайн гүйцэтгэл, ухаалаг шийдэл, бүтээлч байдал, ур чадварыг хөхүүлэн дэмжсэн соёлыг бий болгоход хувь нэмрээ оруулахын оронд дундаж байдал, нэг түвшиндээ гацах, цаашлаад маш үр нөлөөгүй компанийг бий болгодог.

ӨӨРИЙН ТААЛАГДДАГ, ОЙР ДОТНЫ ХҮМҮҮСИЙГ ДЭВШҮҮЛЭХ

Өөрийн удирдлага, хамтран ажиллагч, удирдлага дор байгаа хүмүүстэйгээ маш сайн ажлын харилцааг бий болгох нь чухал байдаг. Та өндөр ур чадвартай багийг хөгжүүлэхийг хүсч байгаа ч, өөрийн ойр дотны, төрөл садны хүмүүсийг магтаж сайшаахыг илүүд үздэг байж болно.  Мэдээж яг тэднийг илүү их дэмжиж, албан тушаал ахиулахыг хүсэх нь ойлгомжтой боловч, гол асуудал нь үүнд байгаа юм биш.                      Гол асуудал нь тухайн хүмүүсийн байгууллагад, багт оруулж байгаа үнэ цэнэ, хувь нэмрийг бодитоор, үндэслэлтэйгээр батлаж чадалгүйгээр зүгээр л, төрөл садан, эсвэл тантай ойрын хүн гэдэг шалтгаанаар албан тушаал дэвшүүлж байгаад л гол учир нь байгаа юм. Ямар ч гүйцэтгэлийн чадамжгүй, чадваргүй хүмүүсийг зүгээр л хувь хүний харилцаан дээр үндэслэн албан тушаал дэвшүүлснээр бусад бүх хүмүүс, цаашлаад компанийхаа гүйцэтгэлийг хохироож, таны удирдлагын нэр хүнд ч ганхах болно.

АРЬС ӨНГӨ, ХҮЙСЭЭР ЯЛГАРВАЛАН ДЭВШҮҮЛЭХ

Ямар ч ажилтныг зөвхөн арьсны өнгө, хүйсээс хамаарч албан тушаал дэвшүүлж болохгүй. Олон талт байдал, тэгш байдал, оролцоо (DEI) нь байгууллагын соёлын маш чухал хэсгүүд бөгөөд байгууллагын амжилт, тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг хангахад чухал үүрэгтэй. Гэвч хэрэв ажилтнуудад өөрийн оруулж буй үнэ цэнэ, чадвараа батлан харуулах боломжийг олголгүйгээр зөвхөн хүмүүсийн үндэс угсаа, арьс өнгө, хүйс дээр үндэслэн албан тушаал дэвшүүлвэл, гарах үр дүн нь DEI-ийн стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг биелүүлж чадахгүйд хүрч,  ажилтнуудын нэр хүндийг ч сэвтүүлж болзошгүй юм. DEI-ийн хүчтэй өмгөөлөгч нь бай. Гэхдээ мэдлэггүй, чадваргүй, сэтгэлгүй цөөнх бүлгийн хүмүүсийг албан тушаал дэвшүүлж, оролцоо, боломжийг хүн бүрт тэгш хангана гэж бодох нь том эндүүрэл юм.                      Бүх ажилтнуудад өсөж хөгжих, албан тушаалд өрсөлдөх боломжийг тэнцүү олгох нь чухал.  Бүх ажилтнуудад чухал төслүүдэд оролцож, өөрийнхөө чадварыг харуулж, гялалзах боломжийг олгох хэрэгтэй.  Менторлуулах боломжийг ижил тэгш өгөх. Гэхдээ гүйцэтгэл, байгууллагын  соёлыг бүү золиослоорой. Таныг зөвхөн үндэс угсаа, хүйс, төрөл садан гэдэг үндэслэслэлээр шийдвэр гаргасан гэж ажилтнууд ойлгосноос болж албан тушаал дэвшсэн ажилтнууд бусдын үзэн ядалтын бай болохыг бүү зөвшөөрөөрэй. Эх сурвалж: Forbes

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019-12-23T03:34:49+00:00 Арван хоёрдугаар сарын 23, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.