2020 ОНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ 20 ЗӨВЛӨМЖ

Орчин цагийн үйлчилгээ AI (хиймэл оюун ухаан), мэдээллийн бааз, хувьчилсан үйлчилгээн дээр төвлөрөх болсон ч, илүү сайн үйлчилгээг үзүүлж, илүү сайн харилцааг тогтоохын тулд, компаниуд эргээд үндсэн зүйлдээ анхаарч, өөр арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Үнэндээ маш энгийн, жижиг зүйлсүүд нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж болон үнэнч байдлыг нэмэгдүүлдэг билээ.

Ингээд 2020 онд анхаарах  20 зүйлийг харцгаая.

  1. Холбоотой бай. Өөрийн болгож, татсан үйлчлүүлэгчдээ бүү март. Аль болохоор тогтмол харилцаа холбоотой бай.
  2. Видео ашигла. Энэ бол гайхалтай хэрэгсэл бөгөөд тийм ч үнэтэй биш. Үнэгүй байршуулж болдог. Онлайн хичээл, зөвлөгөө хийж болно.
  3. Талархалын захидал илгээ. Хуучин хэв маягаар гараар бичиж, дугтуйнд хийгээд шуудангаар илгээж болно. Ийм гараар бичсэн талархалын захидалд хүмүүс маш их баярладаг.
  4. Зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулсан долоо хоногийг тэмдэглэ. Ирэх жил энэ долоо хоногийг яг аль сард хийх вэ гэдгээ төлөвлөж болно. АНУ- д бол аравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагддаг.
  5. Үйлчлүүлэгчээ илүү сайн мэдэх арга хэмжээнүүдийг зохион байгуулах. Жилд ядаж 4 өдрийг үйлчлүүлэгчээ таньж мэдэхэд зориулж, онцгой арга хэмжээг зохион байгуул.
  6. Маш хурдан хариу үзүүл. Jimmy John-ийн түргэн хоолны сүлжээ нь ер бусын хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдгээрээ алдартай. Учир нь тэр үйлчлүүлэгчид түргэн шуурхай үйлчилгээнд ямар дуртай болохыг маш сайн мэддэг. Тиймээс өөрийнхөө үйлчилгээг илүү хурдан шуурхай болгох тийм арга замуудыг олж хэрэгжүүлээрэй.
  7. Утсан дээр удаан хүлээлгэх байдлыг арилга. Үйлчлүүлэгчийнхээ цагийг бүү үрэн таран хий. Хэрэв тэд утсан дээр хүлээх шаардлагатай болвол, хэр удаан хүлээх шаардлагатайг нь заавал урьдчилан хэлж, эсвэл эргээд тэдэн руу залгахыг санал болгоорой.
  8. Танайх руу ярьж уулзалт товлохыг нь хүлээхээс илүү түрүүлж үйлчлүүлэгч рүүгээ залга. Үйлчлүүлэгч танайхыг сонгон үйлчлүүлсэн нь тэдэнд давуу байдлыг мэдрүүлж байх ёстой. Тиймээс үйлчлүүлэгчээ заавал ярихыг нь хүлээх биш, харин асуудал гарсан даруй, эсвэл гарахаас нь өмнө тэдэн руу залгаарай.
  9. Үйлчлүүлэгч руугаа гэнэтийн бэлэг илгээ. Заавал үнэтэй бэлэг байх шаардлагагүй. Харин тэд анзаарахуйц ухаалаг  бэлгийг өгч болно. Баярын үеэр компаниуд ихэвчлэн бэлэг илгээдэг. Тэгвэл, энгийн үед гэнэтийн бэлэг илгээх арга замыг бодож олоорой.
  10. Компанийн талаар бус зөвхөн үйлчлүүлэгтэй холбоотой контент хуваалц. Өөрөөр хэлбэл, маркетинг сурталчилгаатай ямар ч холбоогүй тийм контентыг бэлтгэж хуваалцаарай. Энэ нь өөрөө сурталчилгаа болох болно.
  11. Тухайн долоо хоногт үйлчилгээн дээр ямар гайхалтай санаачилга гаргаж ажилласан талаар багаараа ярилцах цагийг гарга. Тогтмол үйлчилгээний ач холбогдлыг сануулсан иймэрхүү уулзалтууд нь ажилтнуудыг үйлчлүүлэгч дээрээ үргэлж төвлөрч ажиллахад тус болдог.
  12. Хэн хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг уралдааны зарла. Хамгийн шилдэг үйлчилгээ үзүүлдэг ажилтнаа шалгаруул. Ингэхдээ тэдэнд шагналдаа авах бэлгээ өөрсдөө сугалж, сонгох боломжийг өгөөрэй.
  13. Хамгийн шилдэг үйлчилгээний санаа гаргах уралдааныг зохион байгуул.  Тэмцээний гол зорилго нь тухайн санаа нь хэр сайн, шилдэг санаа гэдэгт биш харин ажилтнудыг аль болох идэвхтэй оролцуулж, хамгийн оролцоо сайтай байсан нь шагнал авах юм.
  14. Хамтран ажиллагчаасаа гайхалтай үйлчилгээ авсан жишээгээ нэг нэгэнтэйгээ хуваалцах цагийг гарга. Танд хийсэн зүйлийнх нь төлөө хамтран ажиллагчаа магтаж, урамшуулаарай.
  15. Сошиал медия дээр илүү идэвхтэй бай. Илүү их харилцан ярианд оролцож, үйлчлүүлэгчдийн бүлгийн нэг хэсэг нь бол. Үүнийг борлуулалт хийх боломж гэж харахаас илүүтэй, холбогдох, харилцах боломж гэж хараарай. Үүнд маш том ялгаа байгаа шүү.
  16. Таны үйлчлүүлэгчдэд хэрэгцээтэй, ашиг тусаа өгөх тайланг нийтэл. Үйлчлүүлэгч өөрт хэрэгтэй, холбоо хамааралтай мэдээлэлд дуртай байдаг. Энэ мөн ирээдүйн үйлчлүүлэгчдийг татах маркетингийн чухал хэрэгсэл болж чадна.
  17. Манайхаар үйлчлүүлэхэд илүү амар, тав тухтай болгох нэг санааг та хэлж өгөөч гэж асуу. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс ирсэн хариулт бүрийг унш. Үйлчлүүлэгчдээ анхааралтай сонсох үед гайхалтай зүйлс тохиолддог.
  18. Эргүүлж өг. Ямар нэг сайн үйлсийн аянд нэгд. Өөрийнх нь үйлчлүүлдэг компани нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд оролцох үед хэрэглэгчид маш их дуртай байдаг.
  19. Хэрэглэгчийн үйлчилгээний уриа үгтэй бол. Энэ бол том ажил. Өөрийн гэсэн үйлчилгээний уриа үгтэй болохын тулд компаниуд бүтэн сар ажиллаж, бүтэн нэг өдөр энэ үгээ танилцуулахад зарцуулдаг. Нэгэнт өөрийн уриа үгтэй болсон бол үйлчилгээ үзүүлэх үедээ юун дээр илүү анхаарч ажиллах нь тодорхой болдог.
  20. Ажилтны сэтгэл ханамжаас үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж бий болдог гэдгийг бүү март. Компанийн дотор болж байгаа зүйл үйлчилгээн дээр, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж дээр гадна талд мэдрэгддэг гэдгийг санаарай. Хэрэв та гайхалтай үйлчилгээг хүргэхийг хүсэж байгаа бол, ажилтнуудынхаа сэтгэл ханамж, зориултан дээр анхаарах ёстой.

 

 

 Эх сурвалж: Forbes

 

 

2019-12-09T03:35:17+00:00 Арван хоёрдугаар сарын 9, 2019|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.