ШИНЭ ҮЕИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙГ УДИРДАХ ХҮНД БАЙХ ЁСТОЙ ГОЛ ЧАДВАРУУД

Дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгал нь бидний ажиллаж, амьдрах арга барилыг өөрчлөөд зогсохгүй, шинэ үеийн ажиллах хүчин нь  удирдагч хүний талаарх түгээмэл ойлголтыг орвонгоор нь өөрчилж байна.

Хөдөлмөрийн зах зээлд анх удаа орж ирж байгаа шинэ үеийнхэн нь baby boomers болон мянганы үеийнхнээс тэс өөр байна. Учир нь тэд хөдөлмөрийн зах зээлээс зорилгыг мэдрэх, нийгэм, хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөө үзүүлэхийг хүсэж, энэ тал дээр илүү их ач холбогдол өгч байна.

Хамгийн сүүлийн үеийн Global Shapers Survey судалгааны тайланд 18-35 насны 30,000 хүний ​​санал бодлыг багтаасан бөгөөд  өөрсдийг нь залхуу, тэвчээргүй, “тогтвор суурьшилгүй” гэж  ажлынх нь хүмүүс тодорхойлдог гэжээ. Тэгвэл өөр судалгааны тоо баримтуудаас харахад, шинэ үеийнхэн аливаа ажлын байрыг сонгохдоо “Цалин, олговор” (49.3%), “Зорилготой байх мэдрэмж / нийгэмд үзүүлэх нөлөө” (40.6%)  гэсэн хоёр үзүүлэлтийг хамгийн их харж сонгодог гэжээ.

Дэлхий  ертөнцийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй залуучуудыг дараах асуудлуудтай нүүр тулах чадвартай удирдагчид л удирдаж чадна гэж үзэж байна.  Эдгээр нь: Хувирамтгай шинж чанар, тодорхойгүй байдал, нарийн төвөгтэй байдал, хоёрдмол утга санаа зэрэг болно.

 

Орчин үеийн удирдагчдад шаардлагатай  шинж чанаруудаас харцгаая.

1.      Маш тодорхой алсын хараатай байх 

Бүх менежерүүд удирдагч биш, бүх удирдагч нар менежер биш. Хоёр ангиллын гол ялгаа нь менежерүүд маш тодорхой зорилтуудтай байдаг бол, удирдагчид маш тодорхой алсын хараатай байдаг. Ерөнхийд нь харахад, менежерүүд хүмүүсийг удирдан, чиглүүлэхээр сонгогддог буюу босс болж томилогддог нь тэдний ажлын туршлагатай  холбоотой байдаг. Харин хүмүүсийг удирдах тал дээр ихэвчлэн  бэлтгэгдээгүй байдаг. Менежерүүд удирдагч болохын тулд өөрөө л бие даан ажиллах шаардлагатай болдог. Үүний тулд тэд өөрийгөө сайтар таньж мэдсэн байх ёстой бөгөөд  тэр дундаа, өөрийн давуу болон сул талыг мэдэж,  хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд, тасралтгүй суралцах шаардлагатай болдог.    

2. Идэвх, санаачилгатай байх

Хэдэн жилийн өмнө удирдагчид шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллүүдийн дор хаяж 80% -ийг хүлээж авах хүртэл, ямар  нэг шийдвэр гаргахгүй хүлээх боломжтой байсан бол, өнөө үед бидний эргэн тойрон дахь мэдээллийн хэмжээ ихэссэнээр энэ боломжгүй болсон. Өнөөдөр удирдагчид шаардлагатай мэдээлэл ирэхийг хүлээх боломжгүй болсон.  Харин олж авч чадах мэдэллийн хүрээнд яаралтай арга хэмжээ авахад бэлэн байх шаардлагатай болжээ.

 3. Багаа хөгжүүлэх

Удирдагч хүний ​​цаг хугацааны 70-аас илүү хувь нь хүмүүсийг удирдаж, хөгжүүлэхэд зарцуулагдах ёстой. Алдарт манлайллын коүч Саймон Синек  нэгэн ярилцлагадаа “Удирдагчид байгууллагадаа эзлэх байр суурь, албан тушаалдаа хэт санаа зовсоноос болж, үндсэн ажлаа мартдаг.  Тэдний хийх ёстой үндсэн ажил үүрэг бол, байр сууриа хадгалах биш харин өөрийн хариуцаж байгаа хүмүүст  анхаарал тавих явдал юм” гэсэн байдаг. Удирдагчийн хийх ёстой үндсэн ажил үүрэг бол, ажилтнуудад ажлаа хамгийн сайн хийхэд нь дэмжлэг болох нөөцүүд болон боломжоор хангах явдал юм. Мөн багийн гишүүдийн хооронд хүчтэй синержийг бий болгох. Удирдагч хүчтэй багийг бий болгохын тулд өөрийн хувь хүний ​​болон мэргэжлийн хөгжилд анхаарах нь маш чухал.

4. Ирээдүйн удирдагчдаа бэлтгэх

Хэрэв менежерүүд ажлаа сайн хийж байгаа бол тухайн удирдагчийг байр сууринд нь  үүрд байлгах ёстой гэж ихэнх хүмүүс боддог. Үүнээс болж менежерүүд одоогийн байр сууриа хадгалж үлдээхэд маш их анхаардаг. Тэгтэл орчин цагт менежерүүдийн анхаарах гол зүйл нь  инноваци, бүтээлч байдал, ур чадвар болж байна. Сайн удирдагч гэж ажилтнуудаа сургаж, ирээдүйн удирдагчид болоход нь бэлдэж байгаа хүнийг хэлнэ.  Удирдагч хүний сорилтууд, давах даваанууд байнга өөрчлөгдөж, өсөж байх ёстой бөгөөд,  зөвхөн нэг чиглэлд бус босоо болон хэвтээ аль аль чиглэлд өсөх нь чухал.

5. Аюулгүй ажлын орчинг бүрдүүлэх

Ажилтан бүр үнэлэгддэг, чөлөөтэйгээр санал бодлоо илэрхийлдэг, зөрчилдөхөөс айдаггүй тийм ажлын орчинг бүрдүүлэх нь удирдагчийн чухал үүрэг юм. Цаашлаад, аливаа алдаа гарвал, удирдагч алдааг өөртөө авч, амжилт гаргасан бол үүнийг багийн шаргуу хөдөлмөр гэж үзэх хандлагатай байх нь багийг хүчтэй болгодог.

  1. Микро менежмент хийхгүй байх

Удирдагч нар хол байх үед танай багт юу болдог вэ? Багийн жинхэнэ хүчийг удирдагчид оффист байхгүй үед мэдэж болно. Баг аливаа шийдвэрийг гаргах бүртээ менежертэйгээ холбоо барьж зөвшөөрөл авдаг уу? Багууд өөрсдийнхөө хариуцлагыг бүрэн хүлээж чадаж байгаа юу? Шийдвэрийг бие даан гаргах зориг багт байдаг уу? Удирдагч багийнхаа гаргасан шийдвэрийн ар талд нь бат зогсож чаддаг уу? Амжилттай хүчирхэг баг нь удирдагч нь байхгүй байсан ч гэсэн ажиллах чадвартай байдаг.  Мөн өөрийн эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтын хүрээнд  шийдвэрүүдийг гаргах чадвартай байх ёстой.

  1. Үр бүтээлтэй санал шүүмжийг өгөх

Удирдагч нь ажилтнууддаа үргэлж шударга санал шүүмжийг өгч байх ёстой. Үр дүнтэй харилцаа үүсгэх чадвар нь удирдагч хүнд байх чухал шинж чанар юм. Ажилтан бүрт тэдний харилцааны хэв маягт нь нийцүүлэн алсын хараагаа ойлгуулах, цаашлаад хэлэх гэсэн санаагаа зөв илэрхийлэх нь чухал чадвар юм.

 

2020-01-02T17:37:32+00:00 Нэгдэгүүр сар 2, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.