АСУУДЛЫГ ХЭРХЭН УДИРДЛАГАДАА ЗӨВӨӨР ОЙЛГУУЛЖ, ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ВЭ?

Ажлын байран дээр олон жижиг болон том асуудлуудаас үүдэн зөрчилдөөн бий болж байдаг. Эдгээр асуудлуудыг ангилвал, ажилтай холбоотой асуудлууд буюу албан тушаал дэвшүүлэх, цалингийн хэт ялгавартай байдал, амжилттай ажилласныхаа төлөө магтаж сайшаагдахгүй байх,  багийн гишүүдийн үүрэг оролцоо, хариуцлага сул байгаатай холбоотой үүсдэг зөрчил маргаанууд байдаг бол, нөгөө талд нь хувь хүний зан байдал, дадал зуршил, төлөвшилттэй холбоотойгоор асуудал, зөрчилдөөн байнга үүсэж байдаг.  Тухайлбал, хувь хүний орон зайг хүндлэхгүй байх, хувь хүний хил хязгаарыг зөрчих, эсвэл, зан чанарын эрс  тэрс ялгаатай байдлаас үүдсэн  зөрчилдөөн, цаашлаад ярианы хэв маяг нь таалагдахгүй байх, харагдаж байгаа байдал нь таалагдахгүй байх, улс төр, итгэл үнэмшил нь таалагдахгүй байх гэх мэт олон шалтгаанаас үүдэн зөрчилдөөн бий болж болдог.

Тиймээс эдгээр зөрчлүүдийн аль нэг нь хэт их олон давтамжтайгаар бий болж, улмаар хувь хүмүүсийн харилцаа, багийн ажиллагаа, уур амьсгал, соёлд ноцтойгоор нөлөөлж байгаа бол, тухайн асуудлын талаар удирдлагадаа мэдэгдэх  нь хамгийн зөв байдаг. Харамсалтай нь дийлэнх ажилтнууд энэ байдлыг хов зөөхтэй андуурч, өөрсдөө эрсдэлд орж, ажилгүй болно гэж айдагаас болж, асуудлуудыг ил гаргаж, мэдэгдэж чаддаггүй.

Харин энгийн асуудлуудын тухайд, жишээ нь Янжмаа үргэлж юм идсэнийхээ дараа хогоо ширээн дээр үлдээгээд явдаг, эсвэл аягаа угаадаггүй заваан байдагаас үүдэн маргаан зөрчилдөөн үүсэж байгаа бол ажилтан өөрөө тухайн асуудлыг зохицуулж, шийдвэрлэх чадвартай байх хэрэгтэй. Тиймээс зарим тохиолдолд хүмүүс аливаа асуудлыг өөрөө ухаалгаар шийдээд явах  нь хамгийн зөв байдаг.

Өөр нэг баримтлах зарчим бол, хэн нэгэнтэй асуудалтай байгаа бол, шууд тэр хүний талаар удирдлагадаа гомдоллохоос өмнө, эхлээд тэр хүнтэй хувьчилж уулзах нь дээр байдаг. Тэгээд та хоёрын асуудал шийдэгдэхгүй, удаан үргэлжилвэл, хөндлөнгийн буюу удирдлагаасаа тусламж авах нь үр дүнтэй.

Тэгвэл өөр бусад чухал асуудлуудтай холбоотойгоор зөрчилдөөн даамжирч, та удирдлагадаа энэ талаар мэдэгдэх  шаардлагатай болбол, хэрхэн асуудлыг танилцуулах вэ гэдэг дээр хэд хэдэн зөвлөмжүүд байдгийг түүвэрлэн өгүүлье.

Удирдлагадаа тухайн асуудлаар хандахаас өмнө, тухайн асуудлыг хэрхэн  шийдэж болох  талаар өөрөө шийдлийг олсон байх.

Танай удирдлагад өөрийнх нь ажил үүрэгтэй холбоотойгоор санаа зовох олон асуудал байгаа гэдгийг санаарай. Тийм учраас түүний ачаан дээр дахиад өөрийн асуудлуудыг нэмэх нь түүнд хүндээр тусдаг. Хэрэв та ойр ойрхон гомдлуудыг гаргаж тавиад байвал, удирдлагын зүгээс таныг аливаа асуудлуудыг өөрөө зохицуулах чадваргүй гэж бодно. Учир нь тэд таныг ажилд авахдаа хариуцсан ажлаа сайн хийж, компанийн ажлаас хөнгөвчилж, хувь нэмрээ оруулна гэж итгэн таныг ажилд авсан. Тиймээс удирдлагадаа яг ямар асуудлын талаар гомдол гаргаж, санаа зовниж байгаагаа илэрхийлэх вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй.

Нөгөө талаар та зайлшгүй хэлж, ярих ёстой асуудлыг хэлэлгүй, халхавчлах, эсвсэл юу ч болоогүй юм шиг байснаар харин ч  асуудлуудыг хүндрүүлнэ. Тиймээс ямар нэг чухал асуудал байвал, түүнийгээ таницуулахаас өмнө танд тухайн асуудлыг шийдэх шийдлийг өөрөө бодож олоод, тэр шийдлээ хамтад нь танилцуулвал илүү үр дүнтэй байна.

Эрсдлийг тооцоолох.

Аль ч оффис бол улс төр ба нийгмийн тоглолтын гол талбар байдаг. Ямар ч харилцаа вакум орчинд явагддаггүй.  Тиймээс та тухайн асуудлыг гаргаж ирснээр эргээд ямар эрсдэл, эсвэл шагнал авч болох вэ гэдгийг тооцоолохдоо, бусад хамтран ажиллагсадтайгаа харилцааны хувьд ямар байгаагаа үнэлж, дүгнэх нь чухал байдаг. Учир нь  оффиссын ихэнх нөлөө бүхий ажилтнууд таны талаар таагүй бодолтой, эсвэл танд эрс атаархаж, таныг битүүхэндээ  унагаах хүсэлтэй явдаг бол, та асуудлыг ил гаргаснаар өөрийгөө эрсдэлтэй байдал руу оруулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Цагаа мэдрэх.

Хэн нэгэнтэй зөрчилтэй байгаа тухай удирдлагадаа хандахдаа цаг хугацааны хувьд зөв цаг мөн эсэхийг бодож үзэх нь маш чухал. Учир нь тухайн цаг үед удирдлага тань нэлээн стресс бухимдалтай, асуудалтай байвал, эргээд та өөрөө ч асуудалд орох боломжтой. “Яг цайны цагт орохоос нь өмнө зөрчилдөөний талаар ярилцахаас зайлсхий.” Харин өдрийн хоолны дараа, эсвэл өөрөө нэлээн яриа хөөрөөтэй, сэтгэл санаа нь сайхан байвал,  асуудал  хүндрэхгүй бөгөөд та тайван байдлаар нөхцөл байдлаа ярилцах боломжтой байна.

Тусламж гуй.

Та асуудлаа танилцуулахдаа эерэг, зөв хандлагатай байх нь чухал бөгөөд удирдлагын зүгээс тусламж хэрэгтэй байгаа гэдгээ ойлгуулах нь чухал. Мөн яарч, сэтгэл хөдлөлтэй, цөхөрсөн байдлаар таницуулахаас илүү тайван сууж байгаад, өөд өөдөөсөө харж байгаа ярилцвал илүү эерэг хариу авах боломжтой  байна. Тухайн асуудал чинь үнэхээр яаралтайгаар шийдвэрлэх шаардлагатай асуудал л биш бол, даргатайгаа уулзах цагийг авч, улмаар өөрийн бодол санааг цэгцэцлж, хэрхэн ярьж танилцуулахаа бэлдэж болно. Нөгөө талаар, хэн нэгний талаар хов зөөж биш, харин түүний зөвлөгөө тухайн асуудал дээр хэрэгтэй байна гэдэг талаас нь асууж ярилцвал илүү үр дүнтэй байдаг.

Бэлтгэлтэй байх.

Та удирдагатайгаа чухал асуудлаар хандах гэж байгаа бол, эхлээд асуудлуудаа сайтар тодорхойлж, эмх цэгцтэй болго. Тухайн асуудал хэзээ, хэрхэн бий болсон бэ? Хэн тухайн асуудлыг илүү хүндрүүлсэн бэ? Асуудлыг арилгах нь хэрхэн бусад хүмүүст эерэгээр нөлөөлөх вэ?  гэдэгтэй холбоотойгоор баримтуудыг ярихад өөрийгөө бэлтгэ. Тухайн асуудал дээр шууд өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээс зайлсхийх. Жишээ нь  та удирдлагадаа хэн нэгний талаар гомдол гаргах гэж байгаа бол, тухайн ажилтан үнэхээр новшийн амьтан гэж хэлэхээс илүүтэй, тухайн хүний хийсэн буруу үйлдлүүдийг бодитоор харуулан, нотлох баримтыг үзүүлэх нь хамаагүй илүү  үр дүнтэй.

Мэргэжлийн бай.

Та сэтгэл санааны маш их дарамттай, тогтворгүй байх үедээ асуудал, зөрчилдөөний талаар удирдлагадаа ярихаас зайлсхийгээрэй. Тиймээс эхлээд өөрийгөө тайвшруулаад дараа нь удирдлагатайгаа яриарай.

Танд өөр бусад асуудлууд байхгүй байгаа эсэхэд анхаараарай.

Танай удирдлага, тантай асуудалтай байгаа нөгөө ажилтантай уулзах үед, тухайн хүн  ч бас өөрийгөө хамгаалахыг оролдох болно. Улмаар таны талаар юу гэж хэлэх бол гэдгийг бодож үзээрэй. Өөрийнхөө удирдлагадаа асуудлыг дэлгэснээс үүдэн гарч болох өөр нэг эрсдэл бол, удирдлага тухайн асуудлаас үүдэн эргүүлээд таны зан байдлыг бусад хүмүүсээс асууж, тандаж эхэлнэ. Тиймээс хэрэв эргээд таныг ороох ямар нэг асуудал байгаа бол, эхлээд тухайн асуудлуудаа цэгцэлсний дараа л, тухайн хүнтэй холбоотой  асуудлыг удирдлагадаа мэдэгдэх нь дээр.

Буруугаа хүлээн зөвшөөрөх.

Аливаа зөрчилдөөн гарсан үед, тухайн  хүний 100 хувь буруу байх асуудал байдаггүй.  Хэрэв тухайн асуудлын аль нэг хэсэгт нь таны ч буруу байгаа бол, энэ талаараа удирдлагадаа хэлэх хэрэгтэй. Ингэвэл, таны шударга байдлыг хараад үнэлэх бөгөөд таны хэлж байгаа зүйлд итгэх магадлал нэмэгдэнэ.

Зөвлөгөө авахад бэлэн бай.

Тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бусад хүмүүсийн хэлж байгаа санаа бодлыг хүлээж авахад нээлттэй бай. Заримдаа бусдын санал бодлыг шууд хүлээж авах хэцүү байдаг. Мөн боссдоо санал бодлоо илэрхийлсэнд нь талархаарай. Улмаар түүний хэлсэн зөвлөгөөг биелүүлэхийг хичээгээрэй. Мундаг сайн удирдагчид байдаг нэг шинж чанар бол аливаа хүнд нөхцөл байдлыг хяналтандаа авах чадвар юм. Нөхцөл байдал намжих боломжийг олгоорой. Хэрэв тухайн асуудал байнга давтагдагдаад байвал, та үргэлж эргээд энэ асуудлыг сөхөж болно. Бүх зөрчилдөөнийг шууд шийдвэрлэх боломжгүй гэдгийг санах нь чухал.

Та багийн хүмүүсийнхээ хоорондын харилцааг илүү сайжруулахыг хүсэж байвал, манай Багийн үр нөлөөтэй харилцаа сургалтыг сонирхоорой. Имэйл: contact@customerking.mn

2020-02-16T14:29:19+00:00 Хоёрдугаар сар 16, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.