БУСДЫГ УДИРДАХ НЬ ӨӨРИЙГӨӨ УДИРДАХААС ЭХЭЛНЭ.

Бусдыг удирдахын тулд та эхлээд  өөрийгөө толинд сайтар харах хэрэгтэй. Та үнэхээр бусдыг сайн удирдаж сурмаар байвал дараах гурван зарчимыг баримтлаарай. Үүнд, нэгдүгээрт өөрийгөө таньж мэдэх, хоёрдугаарт өөртөө хариуцлагатай байх, гуравдугаарт зүрх зоригтой байх юм.

Өөрийгөө таньж мэдэх

Хариуцлагатай байдал нь өөрийгөө таньж мэдэхээс эхэлдэг. Учир нь хүн харж чадахгүй байгаа, эсвэл мэдэхгүй байгаа зүйл дээр хариуцлагатай байж чаддаггүй.

Жишээлбэл, та үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтэнд нийцүүлж үйлчилж байна уу? Та чадаж байгаагаа яаж мэдэж байгаа вэ? Та удирдлаган доор байгаа ажилтнууддаа хэзээ, хаана, хэрхэн ажиллах тал дээр уян хатан байдлыг хангаж өгнө гэсэн амлалтаа биелүүлж байгаа юу?   Та эдгээр асуултуудын хариултанд шууд хариулж чадна гэж бодох хангалтгүй юм. Учир нь та эдгээр асуултуудад хариулахын тулд үргэлж  субьектив болон бодитой дата мэдээлэл дээр суурилах шаардлагатай. Таны бодож байгаа зүйл нөгөө талын хүмүүсийн бодож байгаатай нийцэж байгаа эсэхийг  бодитоор мэдэх шаардлагатай.

Тиймээс шилдэг удирдагчдын өөрөөсөө асуудаг хамгийн шилдэг асуулт нь: “Би таны хүлээлтэнд нийцэж байна уу?” “Би хэрхэн илүү сайныг хийж чадах вэ?” “Манай баг амласан үр дүндээ хүрч  байна уу?” Цаашлаад удирдагчид бусдыг маш сайн сонсож, дараа нь эргээд асуух чадвартай байх хэрэгтэй. Тийм учраас шилдэг компани, аж ахуйн нэгжүүд үргэлж өөрийн үйлчлүүлэгчид болон ажилчдаасаа судалгаа авдаг бөгөөд зорилтууд нь биелж байгаа эсэхийг бодитоор үнэлж дүгнэдэг.  Өөрийгөө таньж мэдэх нь зайлшгүй чухал боловч, үүнийг мэдээд зогсох нь хангалтгүй, харин мэдэж авсан баримт судалгаан дээрээ суурилан үйлдэл хийх шаардлагатай.

Өөртөө хариуцлагыг авах.

Сайн удирдагчид аливаа асуудалд хэн нэгнийг буруутгах, эсвэл шалтаг тоочиж цагаа үрдэггүй. Харин нөхцөл байдлыг гартаа авч, асуудлыг шийдвэрлэхийг эрмэлздэг.  Тиймээс тэд дараах асуултыг өөрөөсөө асуудаг.  “Би яаж үүнийг илүү сайн хийж болох байсан бэ?”  “Үүнийг засахын тулд би юу хийж чадах вэ?”

Зүрх зориг

Хариуцлагатай байх нь онолын хувьд сайхан сонсогдож болно. Практик дээр энэ нь хүнээс маш их зүрх зоригийг шаарддаг.  Зоригтой байх гэдэг нь үнэндээ тав тухгүй байдалд ч тайван, итгэлтэй байх чадварыг хэлнэ. Энэ нь ямар үр дагавар гарахаас үл хамааран, дотроо айж байсан ч зөв ​​зүйл хийнэ гэсэн үг юм. Энэ нь өөрийгөө хамгаалахаас илүү өндөр зорилгын төлөө,  эсвэл бусдын хэрэгцээг нэгдүгээрт тавих зүрх зориг юм.

Зарим хүмүүс байгалиасаа  зоригтой байдаг. Тэгвэл, ийм төрөөгүй хүмүүсийн хувьд энэ зан чанарыг өөртөө  хөгжүүлэх шаардлагатай. Зүрх зоригтой байна гэдэг нь огт айхгүй байна гэсэн үг биш харин айж байсан ч зөв зүйл хийхийг ухамсартайгаар сонгоно гэсэн үг юм. Бусдыг хариуцлагатай байлгах нь өөрийгөө хариуцлагатай байлгахаас эхэлдэг. Тиймээс өөрөө хариуцлагатай байж чаддаггүй бол, таны шаардлага яг л бусдын нэг чихээр ороод, нөгөө чихээр гараад явахтай адил хий хоосон байна.

Эх сурвалж: Forbes

2020-03-02T04:28:23+00:00 Гуравдугаар сар 2, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.