УДИРДАГЧИД ЯАГААД ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХӨГЖИЛД ЗАЙЛШГҮЙ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

Удирдлага гэдэг бол аливаа зүйл аяндаа бий болж, бүтэхийг хүлээж найддаг нэгэн биш, харин  оргүйгээс ортойг, бүтэхээргүй зүйлийг ч бүтээж, бий болгох ухаан юм.

Энэ зүйл магадгүй танд ямар ч утгагүй юм шиг санагдаж болох боловч, бодоод үзээрэй.  Та ямар нэгэн  шинэ төслийг санаачилж энэ талаар бусадтайгаа хуваалцах үед,  таны санаачилсан төслийг хэзээ ч бүтэхгүй гэж хүмүүс танд хэлж байсан уу? Та хүмүүсийн хэлсэн сөрөг үгсээс болж тухайн шинэ санаагаа хэрэгжүүлж чадахгүй бууж өгч байсан уу? Аль эсвэл тухайн төслөө ямар нэг арга замаар хийж байсан уу?

Заримдаа бид өөрөө өөртөө хязгааруудыг бий болгож байдаг. Үүний нэг жишээ нь, аливаа зорьсон ажил, шинэ санаагаа биелүүлж чадахгүй байгаагаа зөвтгөх тийм үгсийг өөртөө хэлэх явдал юм.  Жишээ нь та хичнээн удаа өөртөө дараах зүйлийг хэлж байсан бэ? Би үнэхээр их турмаар байгаа боловч, надад дасгал хийх цаг гарахгүй байна. Ийм байдлаар аливаа зүйлийг хийж чадахгүй байгаа шалтгаан нь гадны хүчин зүйлээс шалтгаалж байгаа мэтээр өөртөө хэлж, бодож сэтгэх нь  таныг нөхцөл байдлыг удирдах биш, харин аливаа нөхцөл байдлуудад удирдуулах байр сууринд аваачдаг. Харин үүний оронд, “Би үнэхээр их турмаар байгаа боловч,  би л өөртөө  цаг гаргахгүй байна” гэж хэлээд үзээрэй. Энэ хоёр өгүүлбэрийн аль нь танд илүү хүчтэй нөлөөлж байна вэ? Хоёр дахь өгүүлбэр нь тухайн ажлыг хийж чадахгүй байгаа шалтгаан нь танаас хамаарч байгаа гэдгийг хэлж байна.

Тэгвэл хүн өөрийгөө хөгжүүлэхэд  цаг гаргахын тулд  мөн л дээрхтэй адил зарчимыг ашиглах хэрэгтэй. Жишээ нь та өөрийнхөө төлөө ямар нэг зүйлийг хийхийг зорих үед, хийх ёстой алхмуудаа бодитоор хэрэгжүүлэхэд та юу хийх шаардлагатай байдаг вэ? Та өдөр тутмынхаа ажил үүрэгтээ санаа зовохгүйгээр, хувь хүнийхээ хөгжилд цаг гаргахын  тулд та юу хийх шаардлагатай байдаг вэ?

Та амьдралынхаа туршид, одоо ч мөн ямар нэг үйл явдал,  нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авч, идэвхгүй хандахын оронд,  тухайн зүйлийг арай өөр өнцгөөс хараад үзээрэй. Та өөртөө илүү боломжуудыг нээхийн тулд та юу хийх хүсэлтэй байна вэ? Та хүссэн зүйлээ авч, зорилгодоо хүрэхийн тулд өөрийн зүгээс тодорхой хэмжээний төлбөр, золиосыг гаргах хүсэлтэй байдаг уу? Та цалингүй чөлөө авч тухайн зүйлд өөрийгөө зориулж чадах уу? Эсвэл жилийнхээ амралтын өдрүүдийг тухайн зүйлд зориулах хүсэлтэй байна уу? Та үүнийг хэр их хүсэж байна вэ? Тухайн зорьж байгаа зүйлээ хийхийн тулд та юу хийхийг хүсэж байна вэ?

ХУВИЙН ХӨГЖИЛ БОЛ ТАНЫ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ЮМ.

Удирдагч хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх нь өөрийн удирдлага дор байгаа хүмүүсийн өмнө хүлээж байгаа  үүрэг хариуцлага юм. Хэрэв та үнэхээр  удирдаж байгаа багаа өсгөж, хүчирхэг болгомоор байвал,  өөрийгөө зайлшгүй хөгжүүлж, илүү сайн удирдагч болохыг хичээх  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та өөрийгөө үргэлж тав тухтай бүсдээ байлгах биш, харин тэр бүсээс өөрийгөө гаргаж, аливаа зүйлийг өөрөөр харахад танд туслах тийм сорилтуудыг өөртөө бий болгоорой. Ингэснээр та өөрийгөө аль хэсэг дээр ур чадвар, мэдлэг, туршлага тань хязгаарлагдмал байгааг мэдэх болно.

Хэрэв та өөрийгөө хөгжүүлж чадахгүй байсаар байвал,  багийн хүмүүс чинь таныг голж эхэлнэ, эсвэл тэд ч мөн тантай адил өсөж хөгжихгүй нэг түвшиндээ үүрд гацах болно. Удирдагч хүн өөрийнхөө хэм хэмжээнд таарсан багийг л бий болгодог гэсэн үг байдаг. Магадгүй, эхэндээ удирдагчийн хүлээж авсан баг тийм биш байж болно. Гэвч цаг хугацаа өнгөрөх хэрээр,  тухайн баг  удирдаж байгаа хүнийхээ  шууд тусгал болсон байдаг.

Тиймээс удирдагч хүн өөрийнхөө хувь хүний хөгжилд хөрөнгө оруулснаар удирдаж байгаа багаа ч мөн давхар өсгөж хөгжүүлэх чадамжтай болно. Байнга өсөж хөгждөг удирдагчаас багийн гишүүд нь үргэлж би ч бас яаж хөгжиж болох вэ гэж асууж байдаг.

Орчин үеийн удирдлагын арга барил нь шулуун шударга, ажигч гярхай хэв маягаас софт ур чадвар чадвар, өөрийгөө таньж мэдэх хэв маяг руу шилжиж байгаа үед,  хувь хүний хөгжил гэдэг бол удирдагч хүний зайлшгүй хийх ёстой зүйл юм.

Та илүү сайн удирдагч, илүү сайн хүн байхын тулд та яг одоо юу хийж байгаа вэ? Үүний тулд та хэрхэн боломжуудыг өөртөө бий болгож байна вэ?

Та хувь хүний хөгжлийнхөө замналыг өөрөө удирдан чиглүүл. Учир нь танаас өөр хэн ч үүнийг хийхгүй. Таны сурч мэдсэн зүйл, ур чадвар амьдралын чинь туршид тантай хамт байсаар байна. Тиймээс үүнд заавал цаг гаргаарай.

Та манай contact@customerking.mn хаяг руу хүсэлтээ илгээвэл бид тан руу хувь хүний хөгжил сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг илгээх болноо.

2020-03-13T02:19:42+00:00 Гуравдугаар сар 11, 2020|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.