АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ХЭРХЭН ТАЛАРХАХ СОЁЛЫГ БҮТЭЭХ ВЭ

Хүн бүрт ажил дээрээсээ  өөрийн үнэ цэнийг мэдрэх төрөлхийн хүсэл эрмэлзэл байдаг. Судалгаанаас харахад, ажилчид ажил дээрээ үнэлэгдэж  байгаагаа мэдрэх үед,  тэд илүү сэтгэл хангалуун, илүү олон цагаар ажиллах, цаашлаад компанийн төлөө чадах бүхнээ хийх хүсэл эрмэлзэлтэй болдог байна. Тухайлбал, нэгэн судалгаагаар ажилчдын 80 гаруй хувь нь менежер нь өөрийнх нь ажлыг үнэлдэг бол илүү шаргуу ажилладаг болохыг тогтоожээ. Өөр нэг судалгаагаар менежер нь талархал илэрхийлдэг газар ажилчид нь  50% илүү амжилттай ажилладгийг онцолсон байна. Үүгээр зогсохгүй, талархал нь байгууллага дотор домино эффектийг бий болгодог. Хэн нэгэнд талархаж байгаагаа илэрхийлэх нь тэр хүн  “цааш нь үргэлжлүүлж” бусдад талархах урам зоригийг өгдөг байна.

Талархал бол ажилчдад өгч болох  хамгийн сайхан бэлэг боловч өнөөдөр олон байгууллагад энэ байдал дутагдаж байна. Өөр нэг судалгаагаар ажлын байран дээр хамгийн их дутагддаг зүйл нь талархал илэрхийлэх гэдгийг ч бас тогтоосон. Та ажил дээрээ талархлын соёлыг хэрхэн бий болгож болох арга замуудыг хамтдаа харцгаая.

Уулзалтыг талархлаар эхлүүл

 Ажлын уулзалтыг  нэгэн хэвийн уйтгартай танилцуулга, эсвэл нөхцөл байдлыг танилцуулж эхлүүлэхийн оронд, хүмүүсээс талархаж байгаа  зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцахыг хүс. Энэ арга нь хүмүүст одоо цагтаа илүү төвлөрч,  тайван уужуу болоход тусалдаг. Цаашлаад, талархал илэрхийлэх нь хүний цусны даралтыг бууруулж, допамин, окситоциныг ялгаруулж, эрүүл мэндэд тустай.

Бүтээлч аргыг ашигла

Талархалын соёлыг бий болгоходоо бүтээлч хандлагыг бий болгох нь үр дүнтэй. Жишээ нь, 30 хоногийн талархлын өдрийг зохион байгуулж болно. Ингэснээр та ажилчдаа өдөр тутмын жижиг үйлдлүүдээр талархалаа илэрхийлэхэд нь урамшуулж болно. Жишээлбэл, нэг өдөр нь  хамтран ажиллагчдаа ямар нэгэн сайхан зүйл хийхийг хүсч болох бол, өөр нэг өдөр нь тэднээс удирдлагынхаа талаар үнэлдэг гурван зүйлийг бичихийг асууж болно. Мөн онц сайн ажилсан ажилтнуудаа самбарт зураг, амжилтынх нь хамт хадаж болох юм.

Ганцхан үг том нөлөөтэй

Талархлын илэрхийлэл нь байгууллагадаа авъяас чадвартай ажилтнаа тогтоон барих чухал хэрэгсэл болдог. Workhuman фирмийн судалгаагаар “баярлалаа” гэдэг үгийг сонссон хүн ажилдаа хэрхэн тогтвортой ажиллах хүсэлтэй болдог талаар судалж үзжээ. Улмаар, тухайн ажилтан нь шинэ ажил хайх магадлал нь 50 хувиар бага, мөн ажил нь өөрт нь бусад хүмүүстэй харьцуулахад 3 дахин утга учиртай, зорилготой гэж боддог болох нь тодорхой болсон байна. Түүнчлэн,  зөвхөн гүйцэтгэл дээр нь суурилж талархах бус мөн уулзалтанд шинэлэг санаа хэлж, илүү оролцоотой байсных нь төлөө ч талархах нь илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр энэхүү ганцхан үгийн хүч нь  байгууллага даяар итгэл, ёс суртахууныг бий болгож байдаг.

Хичээл зүтгэл хэрхэн үр нөлөөг бий болгож байгааг харуул

Хүн өөрийн гаргасан хичээл чармайлтын үр дүнг харахдаа талархал, баяр хөөрийг мэдэрдэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд ч ач тустай. Хамгийн гол нь ажилтнуудын хийж байгаа ажил хэрхэн эерэг нөлөөллийг  бүээж байгааг харах явдал юм.

Талархах гэдэг бол сэтгэлээсээ, байнга, тогтмол хийгдэж байх ёстой манлайллын нэг ур чадвар юм. Хэн нэгний ажлыг үнэлэхийн тулд жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээний уулзалтыг бүү хүлээ. Бүх зүйл дээрээс буюу удирдагчаас хамаарна.

Эх сурвалж: Forbes, Caroline Castrillon

2022-04-25T13:29:29+00:00 Дөрөвдүгээр сар 25, 2022|Категори: Blog, Онцлох|0 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.